Таксины жолоочийн амийг бүрэлгэсэн хэргийг шүүхээр шийдвэрлэлээ

Шүүгдэгч Ж-нь 2015 оны наймдугаар сарын 22-ны шөнө Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Г-тэй такси үйлчилгээний төлбөрөөс болж согтуугаар маргалдаж санаатай амь насыг нь хөнөөсөн гэмт хэрэг үйлдсэн.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны тавдугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанаар Ж-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд, хүнийг танхайн сэдэлтээр санаатай алсан давтан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.10 дахь хэсэгт зааснаар 25 жилийн хорих ялаар шийтгэж, ялыг онцгой дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж өмнө нь Сонгинохайрхан дүүргийн шүүхээс 1999 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, 2000 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ялаас 1 жил 4 сарын өмнө тэнсэн суллагдсаны дараа Баянгол дүүргийн шүүхээс 2007 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хорих ял шийтгүүлж, 2015 оны гуравдугаар сарын 24-ний өдөр ялаас 2 жил 22 хоногийн өмнө тэнсэн суллагдаж, ялтай байх хугацаандаа дээрх гэмт хэргийг үйлдсэн тул прокурорын саналаар, шүүхээс түүнийг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсон байна.

Дээрх хэрэгт Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн дэд хурандаа Б.Очиржанцан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх М.Чинбат хянаж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ