М.Энхболд оффшор данстай гишүүдээ дэвшүүлэхгүй гэвэл Сү.Батболдод "алгадуулна"
Ардчилсан намын даргын зүгээс оффшор данстай хүнийг нэр дэвшүүлэхгүй гэдгээ мэдэгдсэнээр С.Баярцогт дэвшихгүй нь тодорхой болж байна. Харин МАН оффшортой гишүүдээ УИХ-д нэр дэвшүүлэхгүй байх үндэслэл байхгүй гэх тайлбар хийсэн. Тиймээс ч тус намаас Д.Цогтбаатар, Сү.Батболд, С.Баяр нарын хүмүүс ногоон гэрлээр нэр дэвших эрхээ гардах болж байна.
Уг нь оффшорт данстай хүмүүсийг нэр дэвшүүлэхийг хориглосон хууль эрхзүйн үндэс байхгүй. Панамын мэдээлэл ил болсноос хойш Олон Улсад оффшорт данстай улс төрийн өндөр албан тушаалтнуудаа шалгуулах ажилд анхаарах болов. Мэдээж бизнесийнхэн өөр хэрэг, оффшорт мөнгөө байршуулсан компаниуд Дэлхийн зах зээл дээр үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулж байна.
Манай улсад хөрөнгө орлогоо мэдүүлдэг төрийн өндөр албан тушаалтнууд нь эл “бизнес ангилал”-аар зорчиж байгаа нь цэвэр улстөрийн нам болоод хувь хүний ёсзүйн хэмжээг харуулсан үзүүлэлт юм. Гэхдээ МАН-ын дарга М.Энхболд өөрийн итгэл үнэмшлээр оффшорчдоо хамгаалаад байгаа юм биш. МАН-ын дотоод тэмцэл олон нийтэд ил гардаггүй ч тус намд хотын, Сү.Батболдын, Зүүний гэх мэт фракцууд бий нь тодорхой билээ. Тэр дундаа Сү.Батболдын фракц нам дотроо томоохон байр суурь эзэлдэг тул М.Энхболдод оффшорын асуудлаар хэлээ хазахаас өөр боломж байхгүй гэж хэлж болно.
С.Баяр, Сү.Батболд нарын Засгийн газрын өр 9.936 тэрбум ам.долларт хүрсэн түүхтэй. Энэ үеүдэд Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих нэрээр Сү.Батболд “Алтайдах” гэж шинэ хэлбэрийн мөнгө угаалт үүсгэсэн хийгээд, “Сүрүга Монгол”-той холбогдох иргэдийн гомдлын ард нэр нь дурдагдсаар явсан билээ.
С.Баяр л гэхэд “Хан Ресурс”-ийн үйл ажиллагааг хууль зөрчин зогсоосноор Монгол Улсыг 70 сая ам.долларын өрөнд оруулсан тухай хэвлэлүүд мэдээллэж байв. Мөнхүү МАН-ын нийслэлийн хорооны дарга Ц.Сандуйг “газрын албанаас төрсөн тэрбумтан” гэлцэж, олон нийт андахгүй болсон. ТэрээрНийслэлийн газрын албанд 1997 оноос 16 жил ажиллахдаа Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдийн захын газруудыг ААН-үүдэд үйлдвэрлэлийн зориулалтаар олгох нэрийдлээр асар их авлига авсан гэгддэг.
Тэд энэ мэтээр албан тушаалаа ашиглан авлига авсан хийгээд улсын асар их мөнгийг урвуулан ашиглах замаар олсон бохир мөнгөө оффшорт данс үүсгэн шингээж, эргийн гадна үлдээсэн байж болох хардлага төрүүлнэ. Панамын мэдээллээр МАН-ын Сү.Батболдын төрсөн ах С.Бат-Очир, С.Баярын охид, Ц.Сандуйн төрсөн дүү Ц.Сэргэлэн нарын хүмүүс оффшорт данстай болох нь ил болсон. Төрөл төрөгсдийнх нь оффшор дахьэдгээр данс МАН-ын хүчирхэг фракцийн санхүүгийн гол эх үүсвэр, улстөрийн нөлөөллийн зэвсэг байхыг үгүйсгэх аргагүй юм.
Үнэн гэж байна. Чухам тиймээс ч ийм эгзэгтэй цаг үед МАН эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүйн тулд Ж.Батзандан гишүүний хуулийг дэмжинэ. Гэхдээ оффшор данстай гишүүдээ нэр дэвшүүлнэ гэх бөөрөнхий үгээр сонгууль угтаж байна. МАН-ын хоёр үзүүртэй зүү мэт энэ байр суурь угтаа даргынх нь хэн байхтай шууд холбоотой. Хэрэв зээ М.Энхболд оффшорчдоо зангараг гаргаад нэр дэвшүүлэхгүй гэж гүрийхдээ тулбал Сү.Батболд, С.Баяр, Д.Цогтбаатар тэргүүтэй намынх нь лидерүүдийн фракци түүнийг суудлаас нь амархаан буулгачихаж дөнгөнө. Тиймээс М.Энхболд хүндээ хөнгөнөөс өгөхгүйн тулд АН-ыг дагаж “Оффшор данстай гишүүдээ дэвшүүлэхгүй” гэж мэдэгдэж чадахгүй байх талтай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ