Монгол мэс засалч дэлхийн багт гайхамшиг үзүүлнэ

“Америк, Япон, Солонгос, Орос, Тайванийн эмч иржээ. Ай мөн лут аа” гээд л бид амаа олохгүй магтдаг. Тэгвэл монгол мэс засалч тун удахгүй дэлхийн багт оролцон, Бирм улсад эрүү, нүүрний чиглэлийн хагалгааг голлон хийх болжээ. Удирдан хийнэ гэсэн ч болно. Тэр бол ЭХЭМҮТ-ийн Эрүү, нүүрний мэс заслын тасгийн эрхлэгч Г.Аянга эмч юм. Дээрх үзүүлэлт юу хэлнэ вэ гэхээр, Монголын анагаах ухааны энэ салбар, мэс засалч нь дэлхийн хэмжээнд очиж, тэдний түвшинд ажилладгийн үнэлгээ юм.Үүнээс илүү яаж үнэлэх вэ. “Монголын эмч иржээ. Ай мөн лут аа” хэмээн тэд ярих биз. Бид бахархах болно. Энэ цаг үеийн хамгийн гоё мэдээ гэсэнч болно. Дээрх тасгийн хамт олон, Тайванийн эмч нар өнөөдөр мэдээлэл хийв. Сэдэв нь “Уруул, тагнайн төрөлхийн сэтэрхий” байв. Оросууд туулайн уруул гэдэг эл эмгэг Орост ч, манайд ч, дэлхийд ч ховор байжээ. Одоо даанч элбэгшчээ. Сүүлийн үеийн судалгаагаар дэлхийд мянган төрөлтөд дунджаар нэг тохиодог гэх. Дэлхий дээр жилд 131 сая орчим төрөлт тоологддог юм байна. Монголд мөн л 1000 төрөлтөд нэг тохиолддог гэмээр дүнтэй юм байна. Тайванийн эмч нартай хамтарч манайхан хоёр жилийн өмнөөс есөн аймгийн 165 хүүхдэд уруул, тагнайн төрөлхийн гажгийн хагалгаа хийжээ. Мэдээж төлбөргүй. Хөдөө, орон нутагт ийм эмгэг олон тохиолдох болсон нь бэрхшээл багагүй учруулдаг юм байна. Хотод ирэх, байрлах, хооллох, хагалгаа хийлгэх зардлыг тэр болгон иргэд гаргаад байж чадахгүй нь ойлгомжтой. Тэр бүхнийг хялбарчилахад тусалсан Тайванийн мэргэжил нэгт нөхөддөө манай мэргэжилтнүүд баярласнаа илэрхийлэхийн хамт ажилд нь амжилт хүсэв. Монгол-Тайванийн эмч нар Хөвсгөл аймагт ажиллаж, тийм эмгэгтэй хүүхдүүдэд эмчилгээ хийх болсноо дуулгав. Тэндээс ирээд Г.Аянга эмч Бирмийг зорих юм. Мэргэшсэн мэс засалч маань тэнд жинхэнэ гайхамшгийг үзүүлнэ. Эрүү, нүүрний мэс засал жирийн бус гоо сайхны тодотголтойг ч хэлэх нь зөв байх.

Г.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ