Гэр хороололууд руу бохирын шугам татаж эхэллээ

Долоон буудал орчим буюу Чингэлтэй дүүргийн 14,18-р хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны 156 га талбайг дахин төлөвлөж Сэлбэ дэд төв, СХД-ийн 7,8,9,10,28 дугаар хорооны нийт 162 га талбайг дахин төлөвлөн Баянхошуу дэд төв болгон хөгжүүлэхээр төлөвлөж байна. Эдгээр дэд төвүүдэд ойролцоогоор 200 мянган иргэн оршин суух боломжтой байхаар хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, бүтээн байгуулалтын ажил2014 оноос эхэлсэн.

Энэ хүрээнд Сэлбэ дэд төв, Баянхошуу дэд төвүүд рүү бохирын шугам татах ажил эхэлсэн. Энэ талаар НЗДТГ-ын Төсөл, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Отгонбаатараас зарим зүйлийг тодрууллаа

-ОЛОН УЛСЫН НЭР ХҮНДТЭЙ ЗӨВЛӨХ КОМПАНИУД АЖИЛЛАЖ БАЙГАА-

-Юуны өмнө гэр хорооллыг бохирын шугамтай холбож байгаа энэ ажлын талаар тайлбарлаж өгөхгүй юу?

-Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр 2014 оны 5-р сардМонгол Улсын Их хурлаар соёрхон батлагдаж хэрэгжиж байгаа. Өнгөрсөн даваа гаригт Баянхошуу дэд төв дээр 6.3 км бохирын шугамын нээлтийн ажил, Сэлбэ дэд төв дээр 2.1 км бохирын шугамын ажил үндсэндээ эхэллээ. Тухайлбал, Сэлбэ дэд төв дээр 2.1 км, 400 мм-ийн бохирын шугаман хоолой холбогдсоноор Долоон буудал орчимд бидний хэлж заншсанаар III, IV хорооллын хэмжээний хороолол босох урьдчилсан, суурь нөхцлийг бүрдүүлж байгаа. Ингэхээр төслийн хүрээнд цаашид Баянхошуу, Сэлбэ дэд төвүүд дээр сургууль, цэцэрлэг, МСҮТ, жижиг дунд бизнесийг дэмжих төвүүд, орон сууцны хорооллууд гэх мэтчилэн томоохон газрууд шугаманд холбогдоно гэсэн үг.

-Дэд төв гэдэг нь яг юуг хэлж байна вэ?

-Улаанбаатар хотыг 2020 хүртэл хөгжүүлэх хөгжлийн төлөвлөгөөнд Улаанбаатар хотыг дэд төвүүдээр хөгжүүлэхээр тусгасан байдаг. Нийтдээ найман дэд төв байхаар төлөвлөсний хоёрынх нь ажил эхний ээлжинд эхлээд байгаа. Дэд төв байгуулагдсанаар Баянхошуу болон Долоон буудал орчмын иргэд үйлчилгээ авахын тулд заавал хотын төв рүү ирэх биш тухайн дүүрэг, хороондоо асуудлаа шийдвэрлэх боломжтой болох юм. Нэг үгээр хэлбэл, хот доторх хот юм.

-Ажлыг ямар компаниуд гүйцэтгэж байгаа вэ?

-Сэлбэ дэд төвийн шугамын ажлыг “Хүрд” нэртэй компани хариуцан ажиллаж байгаа. Баянхошуу дэд төвийн ажлыг “Бумба Од” компани гүйцэтгэж байна.

shugam

-Хөрөнгө оруулалтын эх үүсвэр хаанаас вэ?

-Ерөнхий санхүүжилт Азийн хөгжлийн банкнаас санхүүжигдэж байгаа боловч сая ажил нь эхэлсэн бохирын шугамын ажлын санхүүжилтийг Европын хөрөнгө оруулалтын банк хийж байгаа. Европын хөрөнгө оруулалтын банкнаас орж ирж байгаа санхүүжилтээр энэ хоёр ажил хийгдэж дээр дурдсан дотоодын 2 компани ажил гүйцэтгэхээр шалгарсан байгаа. Ингэснээр цаашид Азийн хөгжлийн банкаар дамжуулан санхүүжигдэж байгаа Нийслэлийн төслүүд дээр дотоодын компаниуд шалгараад үйл ажиллагаагаа явуулах бүрэн боломжтой болж байгаа. Нэг үгээр хэлбэл дотоодын компаниудын гадны компаниудтай өрсөлдөх чадвар дээшилсэн гэж хэлж болно.

-Хэзээ ашиглалтад орохоор төлөвлөгдөж байгаа вэ?

-Хамгийн сүүлийн хугацааг 11 сар байхаар төлөвлөн ажиллаж байгаа.

-Ашиглалтад орсон даруйд нь хэрхэн холболт хийх вэ?

-Бид ерөнхий гол шугамыг тавьж өгч байгаа. Өмнө хэлсэнчлэн, цэцэрлэг сургууль, МСҮТ, жижиг дунд бизнесийн төвүүд гэх мэт байгууллагуудтай юуны өмнө бохирын хоолойг холбоно. Айлуудын хувьд өөрийн хашаагаа бохирын шугамтай өөрсдөө холбоно. Одоо хэрэгжиж эхлэх гэж буй “Сайн хашаа” хөтөлбөрийн хүрээнд холбох боломж бий гэж харж байгаа.

-Энэ ажлын үеэр авто машины зам хаах шаардлага гарах уу?

-Гарахгүй. Замын хажуугаар хийж байгаа тул иргэдийн замын хөдөлгөөнд саад учруулахгүй.

zam

-Гадаадын туршлагатай компаниудаас зөвөлгөө авч байгаа юу?

-Хоёр дэд төвийн ажил дээр олон улсын нэр хүндтэй зөвлөх компаниуд ажиллаж байгаа гэдгийг дурьдах ёстой болов уу. Дөрвөн зөвлөх, үйлчилгээний ажил одоогоор үргэлжилж байна. Нэгдүгээрт, хоёр дэд төвийн нарийвчилсан зураг төслийг боловсруулах ажлыг Солонгосын Дохва компани гүйцэтгэж байна. Зураг төслийн ажил 6-7 сардаа багтаад дуусчихвал бид тендерийн ажлуудаа зохион байгуулна. Хоёрдугаарт, Францын Эжис компани төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, төслийн нэгжийн чадавхийгдээшлүүлэхээр ажиллаж байна. Гуравдугаарт, хоёр дэд төвийн иргэдийн оролцоог хангах үүднээс НҮБ-ийн “ Хабитат”-ын зөвлөх баг ажиллаж байгаа. Дөрөвдүгээрт, “Айпи-Э”компани энэ хоёр дэд төвийн ажил хэрэгжсэнээр цаашид нийгэм эдийн засгийн хувьд хэрхэн хөгжих юм бэ гэдэг тооцоо судалгааг хийж байна.

-Чанарын хувьд хэдэн жилийн баталгаатай байх вэ?

-Азийн хөгжлийн банк бол олон улсын томоохон байгууллага тул нилээд өндөр хяналт, шалгалт явуулдаг. Бид бүх зүйлийг хийхдээ нарийн төлөвлөж дээрх байгууллагаар шалгуулж, зөвшөөрөл авч хийдэг, дээр нь хяналтын ажлаа сайн хийхэд санаа зовох зүйл гарахгүй болов уу

-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе

-Энэ ажил нилээд томоохон цар хүрээтэй төсөл юм. Учир нь өмнө нь олон улсын байгууллагаас зам бол нэг замын л ажлын төсөл хэрэгжүүлдэг байсан бол энэ төсөл зам, дэд бүтэц, нийгэм эдийн засгийн бүтэцгэх мэт бүхий л асуудлыг цогцоор нь шийдвэрлэх юм. Маш олон хүмүүс, олон байгууллагын хамтын ажиллагаа энэ төсөлд чухал байгаа. Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд нэг айл нүүхгүй бол барилгын ажил эхлэдэггүй. Иймд нүүлгэн шилжүүлэлтийн ажил маш чухал учраас ойр орчимд газар нь өртөж байгаа иргэд манай төсөлтэй хамтран ажиллах шаардлагатай байгаа юм. Ингэлээ гээд бид албадан нүүлгэхгүй, олон улсын журмаар одоо байгаа нөхцлийг нь бууруулахгүйгээр нөхцөл байдлыг хангаж байж ажлаа үргэлжлүүлдэг онцлогтой. Манай улс барилгын ажил явуулах богино улиралтай тул барилгын ажил богино хугацаанд үргэлжилдэг. Тиймээс хойшлох эрсдэл бий. Энэ хоёр дэд төв дээр амьдарч, ажилладаг иргэд Соёлын төвийн дөрөвдүгээр давхарт байрлаж байгаа Төслийн нэгжтэй ойрхон ажиллаж, хамтарч ажиллаж дэмжлэг үзүүлээрэй гэж хэлэх байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ