Нэр дэвшигчдийн гэрийн даалгавар

Одоо намаас нэр дэвшигчдийн хувьд хамгийн том даалгавар бол анхан шатандаа дэмжигдэх. Энэ даалгавар дээрээ бүдэрсэн улс төрчидийн нэр сон сошиалаар гарч эхэллээ.Цөөнгүй танил улс төрчид энэ даалгавар дээрээ бүдэрсэн байна. Анхан шатны түвшинд намын байгууллагууд бол нэлээн ардчилалтай буюу тойрог хүнээ сайн мэдэх тул босго өндөртэй. Тэнэж яваад нэр дэвшчихгүй нь тодорхой.
АН-аас нэр дэвших мандатаа олж авсан бидний хэлж сурснаар эрэлийн Б.Эрдэнэбат Хөвсгөлийн анхан шатны хурлаас бараг хөөгдсөн гэж бичигджээ. МҮАН-аас АН-д элссэн УИХ-ын гишүүн, Байгаль Орчин, Аялал Жуулчлалын сайд Н.Батцэрэгийг Өвөрхангай аймгийн АН дэмжээгүй байна. Мөн УИХ-ын гишүүн М.Батчимэг, Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл нар УИХ-д нэр дэвших эрхийг намынхаа анхан шатны байгууллагаас авч чадаагүй бололтой. Энэ даалгавар дээрээ бүдэрсэн горилогчдын дараагийн шанс бол арын хаалгадуулах буюу Намын даргаар дайруулаад үзэх. Ингээд чадаагүй бол бусдынхаа дээлийн захыг мушгиад үзэгчийн суудалд суух болж байна.
Хоёр намын рэйтинг ихээр унасан нь дараалсан судалгаагаар гарч байгаа нөхцөлд намууд нэр дэвшигчдээ зөв байршуулах нь сонгуулийн хувь заяанд тун чухал. АН-ын хувьд сонгуулийн марафон нээлттэй байгаа бол МАН урьдын адил ерөнхийд нь хайрцагласан боловч АН-ын эцсийн өрөлтийг харах тактиктай байна.
Хотын тойрог бол үндсэндээ цэгцэрсэн бололтой. Жижиг хүрээнд орон нутгийн чанартай тойргийн дайн оргилдоо хүрч зарим газар зодолдох заамдалдахдаа хүрсэн гэж зарим сайтууд бичжээ. Урьдын явдлыг бодвол энэ жилийн сурталчилгааны хоног бага тул бие биенээ хэрэг төвөгт хийж тойрогт замаа засах ил цагаан дайн явахгүй байгаа нь сайшаалтай. Энэ амлалтын өдрүүд бол тойргийн төлөөх тулааны хаалтын өдрүүд болох юм. Үүний зэрэгцээ бие даагчид болон гуравдагч хүчнээс горилогчид давхар тодроно. Тэдний хувьд эр зоригоороо буюу хэнтэй ч хаана ч таарсан цайрсан талдаа азаа үзэгчид гэсэн ангилалд шилжээд байгаа.
Үүний дараа нэг дэвшигчдийн хамгийн том даалгавар буюу цөөхөн хоногт сонгогчдын сэтгэлийн утсыг хөндөх сурталчилгааны ажил болоод байна. Хөдөөг улаарна, Хотыг цэнхэртэнэ гэж тооцсон зургаар тохиролцоонд шидэгдсэн сонгуулийн тамирчид эцсийн байдлаар ялах эсэх нь сугалаагаар бус сурталчилгааны зөв мэдрэмжтэй тактикаар шийдэгдэнэ. Энэ удаагийн сонгуульд хүнээ харахын зэрэгцээ намаа илүүтэй харах болов уу гэсэн найдлагаар намууд тойрогт нэр дэвшигчдийг сойсон нь урьдчилсан нэр дэвшилтээс харагдаж байна. Хуучин тойрог аймгаа бүр хаяж хотод үзэх архаг гишүүд олноор тодорчээ.
Тодорсон нэр дэвшигчид мандатаа авснаар гэрийн даалгавар бус намын даалгавараа биелүүлж ялалт авчрах ёстой. Тэгээд сонгогдвол намын даалгавараар бус ард түмний даалгаварыг биелүүлж улсаа хямралаас гаргах болтугай.Төрийн сонгуульд нэр дэвшигчид энэ өдрүүдэд тодроно.
Б.Баяр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ