Сувиллын газрыг булаах ажиллагаанд бөхчүүд оролцжээ

Аялал жуулчлалыг хөгжүүлэх нэрээр Зайсан дахь Богд уул сувиллын газрын хашаанд хууль бусаар газар олгосонтой холбоотой сөрөг үйл ажиллагаа зургаан жилийн турш үргэлжилж байгаа талаар тус сувиллын эмч, ажилтнууд өнөөдөр мэдээлэл хийлээ.
Богд-Уул сувиллын газрыг хууль бусаар авах гэж "Дэжид"ХХК олон залуусыг хөлсөлж эмнэлгийн ажилчид уруу хүч хэрэглэн дайрч, эмх замбараагүй байдал үүсгэсэн явдал энэ сарын 25-ны өдөр болжээ. Гурван шатны шүүхээр сувиллын газартай давхцуулан олгосон газрын гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гарч ШШГЕГ-аас БОНХАЖЯ-нд компаниудын гэрчилгээг түдгэлзүүлэх шаардлагыг хүргүүлсэн ч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй аж. Улмаар Байгаль орчны яам 2013 онд “Хардун”, “Дун-Өргөө” тэргүүтэй компаниудад шүүхийн шийдвэрээр түдгэлзүүлсэн зөвшөөрлийг сунгасан шийдвэр гаргажээ.
Сувиллын эзэмшил газар руу дайран орж, эмэгтэйчүүдэд хүч хэрэглэхээс буцахгүй байсан эдгээр үйлдлийн цаанаН.Энхбаяр болон МАХН-ынхан байгаа хэмээн үзэж буйгаа тэд энэ үеэр хэлсэн юм. Хүч түрэмгийлсэн үйл ажиллагааг Улсын начин Дамба тэргүүтэй бөхчүүд хийснийг сувиллынхан тодотголоо.
Улсын хэмжээнд тулгамдсан асуудлын нэг нь эмнэлэг гэдгийг дээд доодгүй хэлдэг. Тиймээс байгааг нь устгаж хаагаад, газрыг нь авах гэж улайрах ийм ёс зүйгүй үйлдлээ зогсоохыг эмч, ажилтнуудын зүгээс шаардаж, холбогдох төрийн байгууллага анхааралдаа авч, асуудлыг нэн даруй шийдвэрлэж өгөхийг хүслээ.




Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ