Кёкүтэнхо Н.Цэвэгням өнөөдөр зодог тайлах ёслолоо хийнэ

Мэргэжлийн сүмо дахь Монгол бөхчүүдийн анхдагч Кёкүтэнхо Н.Цэвэгням энэ сарын 29-нд буюу өнөөдөр зодог тайлах ёслолоо хийх гэж байна. Тэрээр 1992 онд анх дэвжээн дээр гарснаас хойш 23 жил хагасын хугацаанд Макүүчи зиндааны түүхэнд хамгийн олон удаа буюу 1470 удаа, 99 башё тасралтгүй барилдсан бөгөөд дайчин барилдааны шагнал хүртсэн хамгийн ахмад сумоч гэдгээрээ сумогийн түүхэнд бичигдэн үлдэж байгаа юм.

Энд сонирхуулахад зодог тайлах ёслол нь тун ёс төртэй,хүндэтгэлийн ёслол үйлддэг уламжлалтай. Энэхүү ёслолыг “дампацүшики” буюу “үс тайрах ёслол” гэж нэрлэдэг. Энэ үеэр үзүүлэх барилдаан, хөгжөөнтэй сүмо - шёккири, ёбидаши нарын тоглолт гэх мэт сонирхолтой арга хэмжээнүүд болдог. Хэрвээ зодог тайлж байгаа бөх ёкозүна бол ёкозүнагийн дохёоири ёслол болно. Хэрвээ ёкозүна зодог тайлах үед өөр ёкозүна байгаа бол дампацүшики ёслолын үед бүх ёкозүна нар дэвжээн дээр ёкозүна бүсээ бүслэн гарч ирдэг. Энэ бол тун ховор тохиолдох сонирхолтой үйл явдал гэнэ.

Эдгээр арга хэмжээ явагдсаны дараа зодог тайлагч бөх ёслолын хар кимоно дээр цээживч хаори өмсөн, доогуураа судалтай өмд - хакама өмсөн дэвжээн дээр гарч ирдэг. Бөх дэвжээний голд зассан сандал дээр сууж, ЯСХ - ны удирдлага, зарим бөхчүүд, зодог тайлагч бөхийг дэмжигчид ээлж дараагаар дэвжээн дээр гарч ирэн, бөхийн үсэнд гар хүрч, хайчилна. Дэвжээн дээр эмэгтэй хүн гарч ирэхгүй дүрэмтэй. Хамгийн сүүлд дэвжээний ояаката гарч ирэн чёнмагэ үснийх нь тавыг хайчлан авна. Энэ мөчид бөхийн бүх хүч чадал нь “алга болдог” гэж ярилцдаг. Үүний дараа бөх, ояакатагийн хамтаар хуран цугларагчдад хандан хүндэтгэл үзүүлж бөхийн ёслодог байна.Үүний дараагаар тусгай өрөөнд очин, жирийн байдлаар үсээ засуулдаг байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ