“Өлсгөлөн”-тэй сонгууль

Гол хоёр нам нэр дэвшигчээ эцэслэж алга ташилт баяр хүргэлт ТВ-ийн эфирт пиг байхад тусгаар тогтнолын талбай дээр МАХН-ын төлөөлөл өлсгөлөн зарлалаа. МАХН-ын дарга Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар нарын нийт 17 гишүүн өлсгөлөн зарласан байгаа ба бусад нэр дэвшигчдээр нэмэгдсээр байгаа гэж байна.
Тэмцлийн зорилго бол тодорхой. МАХН-ын дарга Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхгүй байх магадлалтай тул Сонгуулийн хороонд нөлөөлөх гэсэн алхам гэж болохоор. Н.Энхбаяр даргын хувьд энэ хаврын улс төрд эрсдэлтэй алхам их хийсэн ба хоёр намын гол тоглогчдод үндсэндээ ялагдаад байна. Тэрээр засгаар барьцаалж АН-д шадар сайдын суудлын тулгалт хийж байхдаа МАН –д давхар элч зарж эвсэж нийлэх талаар яриа эхлүүлж уяагаа чангалж байсан.
МАН–тай нэгдэх асуудлыг өндөр авахуулж бага хурлаар нь оруулж бараг нэгдсэн тухай хэвлэлийн хурал хийлгэж байхдаа гэнэт болзлоо өндөрсгөж“болилоо” гэсэн. Энэ үед түүнийг олон нийт, хуучин намын дэмжигчид нь буруутгажөөрийг нь ялгүйд тооцох тогтоолоор жирийн гишүүдийн хүсэл зоригийг гаргуунд нь гаргалаа гэж шүүмжилсэн. Ийм тогтоол үнэхээр байсан эсэх нь одоо бүрхэг болсон ба ямар ч байсан Н.Энхбаярт холбогдсон байж болох нэгэн жигтэй тогтоол Хууль зүйн байнгын хороогоор орж ирсэн талаар шуугиад сураг алдарсан. Одоо МАХН-ын зүгээс өлсгөлөнгөөр тавьж буй шаардлагыг харахад энэ тогтоолыг нэхээд байгаа харагдана.
Н.Энхбаярын хувьд түүнийг ялгүйд тооцох болон нэр дэвших эсэх нь нээлттэй, хаалттай тухай маргаанд хуульчид мөн хоёр талцаад байгаа.Энэ бол тусдаа асуудал буюу нэг хоёр хүний тухай нэр дэвших эсэх тухай маргаан. Харин бүхэл бүтэн намын шалгарсан нэр дэвшигчид нь намын даргынхаа барьцаанд өлсөж суугаа нь харамсалтай. Үнэхээр нэг хүний нам гэлтэй. Дарга нь нэр дэвшвэл бусад даган дэвших болзолтой мэт.
Цаг хугацааны нөхцөл байдлаар бол МАХН-ын дарга эрсдэлээ тооцоод хуулийн хугацаанд нэр дэвшигчдээ найдвартайд нь хийж авах талаар санаа тавин ажиллах ёстой байсан. Гэвч эцсийн мөч хүртэл “би яах вэ” гэсэн тулгалт хийсээр “боломжгүй” гэсэн урьдчилсан хариуг олж харсан бололтой, намынхныгаа өлсгөлөнд татан оруулав.
Тэрээр хувь улс төрчийн талаас хийх тэмцлээ хийж, бусад нэр дэвшигчид ньнамын гишүүний болоод үндсэн хуулиар олгогдсон иргэний эрхээ эдлээд хуулийн хугацаанд нэрээ баталгаажуулаад явж болно.
Товчхондоо Н.Энхбаяр гэдэг улс төрч энэ хаврын улс төрийн алдаануудынхаа хаалтыг дахин том гэж болох алдаагаар хийж байна. Түүний өлсгөлөн нэг талаас хэт оройтсон хувиа бодсон, бараг намаа шууд алсан шийдвэр болж ирлээ.
МАХН үнэхээр улс төрийн бие даасан хүчин. Улсаа хөгжүүлэх шинэ бодлого хөтөлбөртэй юм бол Н.Энхбаяраас өөр гишүүд нь намынхаа нэрээр хөгжлийн илүү бодлогоо таниулаад хэдэн суудлаа аваад ирэх магадлал байхыг үгүйсгэхгүй. Тэдний гарт бие даагчдыг бодвол нөлөө бүхий телевиз, мэдээллийн хэрэгсэл байна. Чамлахааргүй үнэнч дэмжигчид байгаа.
Гэвч Н.Энхбаяр дарга л биш бол өөр бусад нь арав таваараа гараад ч хэрэггүй бололтой. Энэ мөн л шудрага биш. Ингэсээр даргатайгаа өлссөөр, хуулийн хугацаанд нэр дэвшигчдээ зарлаж амжилгүй сонгуулийн тавцангаас түлхэгдвэл энэ нам хэнтэйгээ хариуцлага тооцох юм бол. Ямартай ч МАХН улс төрийн тэмцлийн хурц зам сонгосон болохоор энэ сонгууль “өлсгөлөн”-тэй сонгууль гэсэн нэгэн тодотголтой эхэллээ.

Б.Ихэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ