Их хурал ийм хуулиудыг орхижээ

УИХ хаврын чуулганыг завсарлуулснаас хойш долоо хонож байна. Захирамжаар бол ирэх зургадугаар сарын 23-нд цугларч, дутуу үлдээсэн ажлуудаа гүйцээх ёстой. Гэхдээ сонгуулийн сурталчилгаа ид дундаа орсон үед 76 гишүүн цуглаж, хууль хэлэлцдэг нь юу л бол. Нийслэлд нэр дэвшсэн хэд нь ирж, чуулганд суувал барав болох биз.

УИХ хаврын чуулганаараа нийт 12 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөснөөс Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Төрийн шагналын тухай хуулийн төсөлд гар хүрч амжилгүй завсарласан бол Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны санхүүгийн нэгдсэн тайланг тус бүр баталж чадалгүй хэлэлцүүлгийн шатанд үлдээжээ.

"Татварын багц хуулиуд намрын чуулган, ээлжит бус чуулганы гар дамжсаар хаврын чуулган руу “шидэгдсэн” ч мөн л дараагийн парламент руу шилжих нь тодорхой боллоо. Хэлэлцэх эсэхийг нь шийдэж ч амжаагүй ажлын хэсгийн төвшинд байгаа багц төслийг сонгуулийн сурталчилгааны дундуур батлах хугацаа ч байхгүй, боломж ч байхгүй."

Үндсэн чиглэл, төсвийн хүрээний мэдэгдэл нь хуулийн хугацаатай учраас эцсийн хэлэлцүүлгийг хийн батлах шаардлагатай бол Худалдааны тухай хуулийн төслийг цаг алдалгүй батлахгүй бол гадаад худалдааг зохицуулсан эрх зүйн орчин нь цаг үеийн шаардлагыг хангахгүй болсныг мэргэжилтнүүд сануулж байгаа.

Хуулийн хугацаа нь хэтэрчихээд байхад хэлэлцэхгүй явсаар чуулганы завсарлагаанд өртсөн нэг асуудал нь Авлигатай тэмцэх газрын даргын томилгоо юм.

Бүрэн эрхийнх нь хугацаа нэг сараар хязгаарлагдаж байсан Засгийн газрын гишүүнийг томилж амжсан атлаа зургаан жилээр томилогддог хуулийн хугацаатай Авлигатай тэмцэх газрын даргын томилгооноос УИХ яагаад жийрхэж, бүлгээр завсарлага аван хойшлуулав гэдэг одоо ч олон нийтийн хариулт нэхсэн сэдэв юм.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат “Ардчилсан намын бүлэг завсарлага авсан, УИХ-ын даргын зөвлөлийн хуралдаанаар асуудал хэлэлцэгдээгүй зэрэг шалтгаанаар томилгоотой холбоотой асуудал холбогдох байнгын хороонд орж ирэхгүй байна” гэдгийг учирласан бол УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар бүлгээр ийм асуудал хэлэлцэх нь зохисгүй гэж үзсэн тухай зөрүүтэй тайлбар хийсэн билээ.

"УИХ хаврын чуулганыг завсарлуулснаас хойш долоо хонож байна. Захирамжаар бол ирэх зургадугаар сарын 23-нд цугларч, дутуу үлдээсэн ажлуудаа гүйцээх ёстой. Гэхдээ сонгуулийн сурталчилгаа ид дундаа орсон үед 76 гишүүн цуглаж, хууль хэлэлцдэг нь юу л бол."

Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төсөлд УИХ хойрго хандсан нь шинээр бүрдэх УИХ-ын гүйцээх ажил болж хувирч байна. Гэхдээ одоогийн хууль тогтоогчид дахин сонгогдвол дээрх төслийг барьж авах уу гэдэг асуулт тавигдаж буй.

Татварын багц хуулиуд намрын чуулган, ээлжит бус чуулганы гар дамжсаар хаврын чуулган руу “шидэгдсэн” ч мөн л дараагийн парламент руу шилжих нь тодорхой боллоо. Хэлэлцэх эсэхийг нь шийдэж ч амжаагүй ажлын хэсгийн төвшинд байгаа багц төслийг сонгуулийн сурталчилгааны дундуур батлах хугацаа ч байхгүй, боломж ч байхгүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ