“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хэвлэлийн бага хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан "Шүүгчдийн зөвлөгөөн-2016”, "Шүүх байгуулах тухай хууль” гэсэн хоёр сэдвээр мэдээлэл хийв.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн томиллоо
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн сонгон шалгаруулалт 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр явагдаж, хуульд зааснаар анхан шатны Шүүгчдийн зөвлөгөөний 81.17 хувийн саналаар хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж, давж заалдах шатны Шүүгчдийн зөвлөгөөний 99 хувийн саналаар Д.Эрдэнэчулуун нар тус тус улиран сонгогдсон бол Улсын дээд шүүхээс О.Зандраа, Хууль зүйн яамнаас П.Батсайхан нар төлөөлөл болон сонгогдлоо.
Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр сонгогдсонНанзаддоржийн Лүндэндорж, Дашзэвэгийн Эрдэнэчулуун, Оросоогийн Зандраа, Пүрэвсүрэнгийн Батсайхан нарыг хүлээн авч, үнэмлэх гардуулсан юм. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулинд заагдсан, анх удаа бие даан байгуулагдсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2 дахь бүрэн эрхийн бүрэлдэхүүн юм.Шүүхийн ерөнхий зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн анхны хуралдаанаа 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хийж, гишүүдийн 100 хувийн саналаар Нанзаддоржийн Лүндэндоржийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар сонгох шийдвэр гаргасан бөгөөд улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 61 тоот зарлигаар Шүүхийн ерөнхий зөвлөлийндаргаар философийн ухааны доктор, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндоржийг улируулан томиллоо.
Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хангагдлаа
УИХ-ын нэгдсэн чуулганаар 2016 оны 05 дугаар сарын 13-нд Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, "Шүүгчийн орон тоог шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталсан. Үүнтэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, "Шүүгчийн орон тоог шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Хуулийн хүрээнд шүүгчдийн тоог нэмэгдүүлэхгүйгээр шинээр байгуулагдах шүүхийн орон тоог шийдвэрлэх бөгөөд дээрх тогтоолын төсөлд тусгаснаар аймаг, нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны 25 шүүхэд 25 ерөнхий шүүгч, 118 шүүгч, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд 1 ерөнхий шүүгч, 15 шүүгч, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 8 шүүхэд 8 ерөнхий шүүгч, 88 шүүгч, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 8 шүүхэд 8 ерөнхий шүүгч, 74 шүүгч, Захиргааны хэргийн анхан шатны 22 шүүхэд 22 ерөнхий шүүгч, 82 шүүгч, сум дундын Иргэний хэргийн анхан шатны 21 шүүхэд 21 ерөнхий шүүгч, 99 шүүгч, сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны 21 шүүхэд 21 ерөнхий шүүгч, 72 шүүгч, сум дундын 8 шүүхэд 8 ерөнхий шүүгч 31 шүүгч байх буюу улсын хэмжээнд нийт 693 шүүгчийн орон тоо хэвээр байна.
Давж заалдах шатны шүүхийн тухайд:
Орхон, Дархан-Уул аймгаас бусад аймаг бүрт Эрүүгийн болон Иргэний хэргийн танхим бүхий давж заалдах шатны шүүх байгуулагдана. Харин хүн амын нягтаршил, хэрэг маргааны гаралтын төвшнөөр өндөр Орхон, Дархан-Уул аймагт одоогийн байгаа Эрүүгийн болон Иргэний хэргийн төрөлжсөн давж заалдах шатны шүүх үйл ажиллагаа явуулна.
Аймгийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Эрүүгийн, Иргэний хэргийн танхимын аль нэгэнд харьяалагдаж, бусад танхимын шүүн таслах ажиллагаанд оролцохгүй байх, мөн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад холбогдох өөрчлөлтийг оруулна.
Дүүргийн тухайд:
Нийслэлийн 7 дүүрэг тус бүрт эрүүгийн болон иргэний хэргийн анхан шатны шүүх байх, харин Багахангай дүүргийн хүн амын тоо, хэрэг маргааны гаралт бага байгаа нөхцөл байдлыг харгалзан Багахангай, Налайх дүүргийн дунд эрүү, иргэний тус бүр нэг шүүх байхаар тусгалаа. Ингэснээр дагнан мэргэшсэн шүүх, шүүгчээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлэхийг зорьсон шүүхийн шинэтгэлээс ухрахгүйгээр Үндсэн хууль зөрчсөн зөрчлийг арилгах юм. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа давж заалдах шатны 19 шүүх 26 болж, дүүргийн 8 шүүх 16 болж, нийтдээ 15 шүүх шинээр байгуулагдан анхан болон давж заалдах шатны 99 шүүх 115 болж нэмэгдэнэ. Шүүгчдийн тоог нэмэгдүүлэхгүйгээр 13 аймагт байгуулагдах давж заалдах шатны шүүхэд 38 шүүгч буюу орон нутгийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн 55,8 хувийг нүүлгэн шилжүүлнэ.
Уг хуулийг хэрэгжүүлэхэд нийтдээ 2533,2 сая төгрөгийн төсөв шаардлагатай байгаа ч Засгийн газар, Сангийн яамнаас төсөв гаргаж өгөх боломжгүй гэсэн учраас Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны батлагдсан төсвийн хүрээнд дээрх өөрчлөлтийг хийхээр болж байгаа юм.
Энэ удаагийн хэвлэлийн бага хуралд хэвлэл мэдээллийн 30 байгууллагын 40 гаруй сэтгүүлч, сурвалжлагчид оролцлоо.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН
Н.ЛҮНДЭНДОРЖИЙН ТОВЧ НАМТАР
Овог, нэр:
Сэргэлэн өөлд овогт Нанзаддоржийн Лүндэндорж
Төрсөн он, ам бүл:
1956 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд төрсөн. Ам бүл 5. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.
Мэргэжил, эрдмийн зэрэг цол:
Философич, эрх зүйч. МУИС-ийн Профессор, Философийн ухааны доктор (PhD), Хууль зүйн шинжлэх ухааны доктор (ScD).
Төгссөн сургууль:
1980-1985 онд Монгол Улсын Их сургуулийг философич, нийгмийн ухааны багш мэргэжлээр,
1995-1997 онд Монгол Улсын Их сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус дүүргэсэн.
Мэргэжлийн үйл ажиллагаа:1996-1999 онд Шүүхийн мэргэжлийн хорооны гишүүн, 2002-2008 онд Шүүхийн сахилгын хорооны гишүүн,
- 1999- 2013 онд МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн,
- 2013 оноос Хууль зүйн ухаанаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга, 2000-2010 онд Хууль зүйн ухаанаар болон улс төрийн ухаанаар доктор хамгаалах зөвлөлийн гишүүн,
- 2007-2010 онд Хууль зүйн докторантурын хорооны дарга, Хууль зүйн шинжлэх ухаанаар доктор хамгаалуулах зөвлөлийн гишүүн, "Эрх зүй", "Монголын төр, эрх зүй", "Хууль дээдлэх ёс" зэрэг сэтгүүлийн эрхлэгч, орлогч эрхлэгч зөвлөлийн гишүүн.
Ажлын туршлага:
- 1972-1974 онд Хөвсгөл аймаг Цэцэрлэг суманд малчин
- 1974-1977 онд Хилийн цэргийн 0151-р ангид хугацаат цэргийн албан хаагч,
- 1977-1980 онд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Клубын эрхлэгч,
- 1985-1990 онд МАХН-ым Төв Хорооны "Намын амьдрал" сэтгүүлд редактор,
- 1994-1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш,
- 1999 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуульд дэд захирал, тэнхмийн эрхлэгч, гэрээт профессор,
- 2012-2013 онд Хууль зүйн сайдын зөвлөх, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал,
- 2013-2016 онд Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН
Д.ЭРДЭНЭЧУЛУУНЫ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Овог нэр:
Дархан овогт Дашзэвэгийн Эрдэнэчулуун
Төрсөн он, ам бүл:
Улаанбаатар хотод 1962 оны 9 дүгээр сарын 12-нд төрсөн.
Ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.
Мэргэжил, эрдмийн зэрэг цол:
Дээд, эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.
Төгссөн сургууль:
·1980онд Нийслэлийн 53 дугаар дунд сургууль;
·1990 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын Их Сургуулийн хуулийн ангийг тус тус төгссөн.
Хөдөлмөр эрхлэлтийн байдал:
·1980-1983 онд хугацаат цэргийн албан хаагч;
·1983-1984 онд Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний туслах ажилтан;
·1990-1994 онд Улсын нотариатын конторт нотариатч, эрхлэгч;
·1994-1997 онд Нийслэлийн нотариатын газрын дарга;
·1997-1998 онд Гадаад худалдааны арбитрт арбитрч;
·1998-2000 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албанд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн;
·2000-2013 онд Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга;
·2013-2016 онд Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажилласан.
Улсад нийт 36 жил, үүнээс шүүхэд 18 жил ажиллаж байна.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН
О.ЗАНДРААГИЙН ТОВЧ НАМТАР
Овог, нэр:
Ялгуут овогт Оросоогийн Зандраа
Төрсөн он, ам бүл:
1957 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Ар жаргалант суманд төрсөн. Ам бүл 2. Эхнэрийн хамт амьдардаг.
Мэргэжил, эрдмийн зэрэг цол:
Дээд, эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр, Монгол Улсын гавьяат хуульч.
Төгссөн сургууль:
1966-1976 онд Баянхонгор аймгийн Жаргалант сум, 10 жилийн дунд сургууль
1978-1981 онд Хууль цаазын дунд сургууль, хуульч
1992-1995 онд Монгол Улсын Их сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус дүүргэсэн.
Ажлын туршлага:
- 1977-1980 онд 016 дугаар цэргийн ангид хугацаат цэргийн албан хаагч,
- 1981-1984 онд Хөвсгөл аймгийн шүүхэд шүүгч,
- 1984-1985 онд Октябрийн районы шүүхэд тогтоол гүйцэтгэгч,
- 1985-1987 онд Улаанбаатар хотын шүүхэд тогтоол гүйцэтгэгч,
- 1987-1989 онд Сүхбаатар районы шүүхэд тогтоол гүйцэтгэгч,
- 1989-1990 онд Октябрийн районы шүүхэд ахлах тогтоол гүйцэтгэгч,
- 1990-1992 онд Улаанбаатар хотын Хууль зүйн газарт Улсын байцаагч, тогтоол гүйцэтгэлийн албаны дарга,
- 1995-1999 онд Хан-Уул дүүргийн шүүхэд шүүгч,
- 1999-2000 онд Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүгч,
- 2000-2001 онд Нийслэлийн шүүхэд шүүгч,
- 2001-2004 онд Улсын дээд шүүхэд шүүгч,
- 2004-2014 онд Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн,
- 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс Улсын дээд шүүхийн шүүгч.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН
Б.САРАНТУЯАГИЙН ТОВЧ НАМТАР
Овог, нэр:
Хатгин овогт Базарсүрэнгийн Сарантуяа
Төрсөн он, ам бүл:
1952 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Ам бүл 2. Нөхрийн хамт амьдардаг.
Мэргэжил, эрдмийн зэрэг цол:
Дээд, эрх зүйч мэргэжилтэй. Монгол Улсын гавьяат хуульч.
Төгссөн сургууль:
- 1962-1972онд Улаанбаатар хотод 10 жилийндунд сургууль,
- 1972-1976 онд Монгол Улсын Их Сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн.
Ажлын туршлага:
·1976-1977 онд Төв аймгийн шүүхэд арбитрын байцаагч,
·1977-1978 онд Сүхбаатар районы ардын шүүхэд нарийн бичгийн дарга,
·1978-1979 онд Сүхбаатар районы ардын шүүхэд шүүгч,
·1979-1993 онд Октябрын районы ардын шүүхэд шүүгч,
·1993-2000 онд Сонгино хайрхан дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч,
·2000-2003 онд Нийслэлийн шүүхэд шүүгч,
·2003-2011 он хүртэл Нийслэлийн шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн шүүгч,
·2011-2013 онд Нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгч,
- 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс Шүүхийн ерөниий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.
Улсад 40 жил, үүнээс шүүхэд 40 жил, шүүгчээр 35 жил ажилласан.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН
П.БАТСАЙХАНЫ ТОВЧ НАМТАР
Овог, нэр:
Халбагад овогт Пүрэвсүрэнгийн Батсайхан
Төрсөн он, ам бүл:
1957 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Хантай суманд төрсөн. Ам бүл 4. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.
Мэргэжил, эрдмийн зэрэг цол:
Дээд, эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр.
Төгссөн сургууль:
- 1962-1972онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 10 жилийн дунд сургууль,
- 1972-1975 онд Албанбулаг дахь ХАА-н техникум,
- 1986-1991 онд Монгол Улсын Их Сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгссөн.
Ажлын туршлага:
- 1975-1976 онд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын сангийн аж ахуйд зоотехникч,
- 1976-1979 онд хугацаат цэргийн албан хаагч,
- 1979-1986 онд Сэлэнгэ аймгийн шүүхэд тогтоол гүйцэтгэгч, тогтоол гүйцэтгэлийн тасгийн дарга,
- 1991-1993 онд Сэлэнгэ аймгийн ардын хэсгийн шүүхэд шүүгч,
- 1993-2005 онд Сэлэнгэ аймаг дахь сум дундын1 дүгээр шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч,
- 2005-2013 онд Орхон аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч,
- 2014-2014.07 сард Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч,
- 2015-07-01-ний өдрөөс Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байна.
Улсад 41 жил, үүнээс шүүхэд 37 жил, шүүгчээр 25 жил ажиллаж байна.
Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


СЭТГЭГДЭЛ БИЧИХ