Бүх тамхийг адилхан хайрцагтай болгоё

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) 1988 онд тавдугаар сарын 31-нийг Дэлхийн тамхигүй өдөр (World No Tobacco Day) гэж зарласан юм. Тийнхүү ДЭМБ болон түүний түншүүд тамхи татахтай холбоотойгоорэрүүл мэндэд учирдаг аюулданхаарал хандуулж, тамхины хэрэглээний цар хүрээг хумих үр нөлөөтэй бодлого баримтлахыг улс орнуудад уриалан, жил бүр энэ өдрийг газар сайгүй тэмдэглэдэг билээ.

21 дүгээр зуунд тамхи татах асуудлыг байхгүй болгох зорилтыг дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө тавьсан бөгөөд гэтэл энэ асуудал бахь байдгаараа л байна. Никотины эсрэг тэмцэл үргэлжилсээр. Эрүүл мэндэд аюултай үр дагавраас төдийгүй,тамхины хэрэглээ болон тамхины утааны нөлөөлөлтэй холбоотой нийгэм, экологийн болон эдийн засгийн гамшигаас өнөө болон хойч үеийнхнийг хамгаалахад дэмжлэг үзүүлэх нь Дэлхийн тамхигүй өдрийн гол зорилго юм.

Тамхины хэрэглээ нь ДЭМБ-ын мэдээгээр, насанд хүрсэн арван хүн тутмын нэгийг үхэлд хүргэдэг байна. “Тамхины тахлаар” дэлхийд жил бүр 6 сая орчим хүн нас барж байгаа ажээ (үүнээс 600 мянга гаруй нь тамхичин биш мөртлөө, тамхины хоёрдогч утааны нөлөөнөөс болоод нас бардаг байна). Хэрвээ шийдвэртэй үйл ажиллагаа явуулахгүй бол, 2030 он гэхэд энэ тоо 8 саяд хүрч мэднэ.

Аль ч насанд тамхиа хаяснаар эрүүл мэнддээ чухлаас чухал тус хүргэж болно. Тухайлбал, 30-35 насандаа тамхиа хаясан тэр хүмүүс хэзээ ч тамхи татаж байгаагүй хүмүүстэй адилхан насладаг гэдгийг ажиглалт харуулжээ.

Дэлхийн хэмжээнд хүн амын өвчлөл, нас баралтад нөлөөлж байгаазонхилох 10 эрсдэлт хүчин зүйлээс хамгийн түгээмэл, анхдагч эрсдэлт хүчин зүйлс нь тамхидалт юм.

2013 онд Монгол улсад хийгдсэн Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын судалгаагаар,нийт хүн амын 27 хувь, үүнээс эрэгтэйчүүдийн 49 хувь, эмэгтэйчүүдийн 5 хувь нь тамхи татдаг байсан байна. Өөрөөр хэлбэл нийт хүн амын 5 хүн тутмын 1 нь, 2 эрэгтэй тутмын 1 нь тамхи татдаг байна.

Энэ жилийн Дэлхийн Тамхигүй өдрийг “БҮХ ТАМХИЙГ АДИЛХАН ХАЙРЦАГТАЙ БОЛГОЕ” уриан дор зохион байгуулж байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ