"Тамхичин биш Тамирчин" болохыг сурагчид уриаллаа

Өнөөдөр ЭМСЯ-ны хурлын танхимд сэтгүүлч олон нийтэд хандан, Дэлхийн тамхигүй өдөртэй холбоотой хэвлэлийн бага хурлыг ЭМСЯ, ДЭМБ, НЭМХ хамтран зохион байгууллаа. Тус хуралд ЭМСЯ-ны сайд С.Ламбаа, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг болон Шавь цогцолбор сургуулийн сурагчдын төлөөлөл оролцож өөрсдийн дуу хоолойгоо хүргэсэн юм.

Манай улсад тамхинаас үүдэлтэй хүн амын өвчлөл, нас баралт өндөр байна. Сүүлийн 10 жилд тамхинаас үүдэлтэй зүрх судасны эмгэгээр нас барах явдал 2 дахин нэмэгдэж, нас барж байгаа 3 хүн тутмын нэг нь зүрх судасны эмгэг, 5 хүн тутмын нэг нь хорт хавдрын улмаас нас барж байна гэсэн тоон үзүүлэлт гарсан. Эдгээр өвчлөлүүд нь бүгд тамхитай холбоотой юм.
Мөн хурлын үеэр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт сайн байгааг хэлсэн. Түүнчлэн Шавь цогцолбор сургуулийн сурагчид "Тамхичин биш тамирчин" болохыг олон нийтэд хандан уриалж байлаа.
Энэ жилийн Дэлхийн Тамхигүй өдрийг “БҮХ ТАМХИЙГ АДИЛХАН ХАЙРЦАГТАЙ БОЛГОЕ” уриан дор зохион байгуулж байна.
Тамхины хяналтын суурь конвенцийн 11, 13-р зүйлд улс орнуудад тамхийг адилхан хайрцагтай болгох үйл ажиллагаа тусгагдсан байдаг ба тамхины хяналт, тамхины хэрэглээг бууруулах цогц үйл ажиллагааны нэг хэсэг юм.

Иймд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага улс орнуудад дээрх арга хэмжээ авч тамхины хэрэглээгээ бууруулахыг зөвлөмж болгож байна.
Тамхийг адилхан хайрцагтай болгосноор тамхин бүтээгдэхүүний нөлөөг хэрэглэгчдэд бууруулах, тамхины зар сурталчилгааг хязгаарлах, тамхины хайрцаг дээрх эрүүл мэндийн анхааруулгын үр нөлөөг тодотгох ач холбогдолтой болно.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ