Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн түүхээс

Хүний эрхийн тухай бүх тунхаглал хүүхдэд хамааралтай байдаг боловч олон шалтгааны улмаас хүүхдэд тусгай хамгаалал, онцгой анхаарал шаардлагатай байдаг учир 1924 онд анх "Хүүхдийн эрхийн тухай” тунхаглал Женевт батлагдаж байжээ. Өөрөөр хэлбэл энэ цаг үеэс хүүхдийн эрх, түүнийг хамгаалах тухай ойлголт бий болж, тусгайлан авч үзэх болсон юм.Үүний дараа 1959 онд 11-р сарын 20-ны өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблей "Хүүхдийн эрхийн тунхаглал”-ыг баталж байсан бөгөөд энэ нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон бусад хүний эрхийн талаарх олон улсын эрх зүйн баримт бичигтэй уялдаатай байлаа.
Дээрх тунхаглалд "Хүүхэд нь бие бялдрын болон оюун ухааны хувьд төгс боловсроогүй байдлыг харгалзан, түүнийг төрөхийн өмнө ч, төрсний дараа ч тусгай асрамж, хамгаалалтыг, үүний дотор эрх зүйн зохих хамгаалалтыг шаарддаг” гэж заасныг НҮБ анхааралдаа авч хүүхдийн эрхийн тусгай конвенц байх шаардлагатай хэмээн үзсэн байна.
Ийнхүү Хүүхдийн эрхийн тухай конвенц 1989 оны 11-р сарын 20-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар батлагдаж, түүнд дэлхийн 191 орон нэгдэн орсон нь эдүгээ хамгийн олон оронд хүлээн зөвшөөрөгдсөн конвенц болж чадсан юм. Манай орны хувьд хүүхдийн байгууллага, хөдөлгөөн анх 1925 оны 5-р сарын 8-нд Их зохиолч Д.Нацагдорж болон тухайн үеийн хүсэл зориг нийлсэн хэсэг залуучуудын санаачилгаар байгуулагдаж байсан бөгөөд эдүгээ 91 жилийн түүхэн ойтойгоо золгож байна. Энэ өдөр түүхэн хуудаснаа хүүхэдтэй холбоотой олон тэмдэглэлт үйл явдал болж байсан нь нэн сонирхолтой юм.
Тухайлбал, Монгол улс Хүүхдийн эрхийн конвенцид 1990 онд 5 дахь орон болон нэгдэн орж, конвенцийн үзэл санаанд нийцүүлэн "Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” хуулийг боловсруулан, 1996 оны 5-р сарын 8-нд батлан гаргасан бөгөөд тухайн оны 6-р сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлжээ. 2002 онд "Хүүхдийн төлөө За гэж хэлье” дэлхий нийтийн хөдөлгөөнийг эхлүүлсэн. НҮБ-ын Ерөнхий ассамблейн хүүхдийн асуудлаарх Тусгай чуулган 5-р сарын 8-ны өдөр эхэлж байсан бөгөөд Монгол улс 2002 оны 6 сарын 1-нд үндэсний кампанит ажлаа орон даяар зохион байгуулж байлаа. Дэлхийн ихэнх улс орнуудад хүүхдийн баярыг энэ өдөр тэмдэглэдэг. Тухайлбал Албани, Армен, Азарбайжан, Ангол, Австрали, Болгар, Белорус, Бенин, Босни Герцоговин, Куба, Чех, Эквадор, Истони, Жеоржия, Казакстан, Киргистан, Латви, Литва, Лаос, Молдав, Тажикстан, Түркместан, Украйн, Узбекстан,Камбож, Вьетнам, Хорват, Словак, Итиоп, Герман, Македон, Монтенегр, Мозамбек, Польш, Румин, Серб, Словян, Танзани, Еймен, Португаль, Гвений Бусау, Масао, Ийст-Тимор, ОХУ зэрэг улс оронд 6 сарын 1-нд болон 6 сарын эхний долоо хоногийн Ням гарагт тэмдэглэдэг байна. Үүний дотор манай орон хүүхдийн баярыг үндэсний хэмжээнд, амралтын өдөр болгон хуульчлан тэмдэглэдэг цөөн орны нэг юм. Хүүхдийн баярыг өмнө нь "Эх үрсийн баяр" болгон тэмдэглэж байсан удаатай. Энэхүү шийдвэрийг МУ-ын анхны Ерөнхийлөгч гаргаж байсан гэдэг. Тодруулбал, 1995 оноос "Хүүхдийн баяр"-ыг "Эх үрсийн баяр" болгосон боловч зарим тодорхой шалтгааны улмаас 2003 оноос эргүүлэн "Хүүхдийн баяр" болгон тэмдэглэсээр ирсэн.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ