Олон улсын хүүхдийн өдрийн далбааны бэлгэдэл

Өнөөдөр - Олон улсын хүүхдийн өдөр (Хүүхдийг хамгаалах өдөр)
Олон улсын хүүхдийн өдрийг (International Children's Day) зуны эхний өдөр олон оронд тэмдэглэдэг билээ. Энэ өдөр нь олон улсын хамгийн ахмад баярын нэг мөн.1925 онд Женев хотод хүүхдийн сайн сайхан амьдралын асуудалд зориулсан дэлхийн бага хурлаас энэ өдрийг тэмдэглэх тухай шийдвэр гаргажээ. Азтай тохиолдлоор, энэ өдөр нь Женевт “хүүхдийн” бага хурлын өдөртэй давхацжээ. Хүүхэд багачуудын эрүүл мэнд, сайн сайхан амьдралын асуудал хэзээ хэзээнээс тулгамдсан шинжтэй болсон Дэлхийн хоёрдугаар дайны дараа 1949 онд Парис хотод эмэгтэйчүүдийн их хурал болж, хүүхэд багачуудын аз жаргалын цорын ганц баталгаа болсон өнө бат энх амгалан байдлыг хангахын төлөө хэлбэрэлтгүй тэмцэхээр тангарагласан байна. Мөн онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн зөвлөлийн Москвагийн чуулганаас тус холбооны 2 дугаар их хурлын шийдвэрийн дагуу өнөөдрийн баярыг тэмдэглэж байхаар баталжээ. Харин нэг жилийн дараа 1950 оны зургаадугаар сарын 1-нд Олон улсын хүүхдийг хамгаалах өдрийг анх удаа тэмдэглэж, үүнээс хойш уг баярыг жил бүр тэмдэглэдэг болсон юм.
Олон улсын хүүхдийн өдөр өөрийн гэсэн далбаатай.
Өсөлт, нийц зохицол, цэнгэг агаар, үржил шимийг бэлгэдсэн ногоон өнгийн дэвсгэр дээр Дэлхийн бөмбөрцгийг тойруулан улаан, шар, хөх, цагаан, хар өнгийн дүрс байрлуулжээ. Хүний энэ дүрсүүд нь олон төрөл байдал, хүлээц тэвчээрийг бэлгэддэг юм. Төвд нь байрлуулсан Дэлхийн бөмбөрцөг нь бидний нийтийн орон гэрийг бэлгэдэж байна.
Энд дурдахад,11 дүгээр сарын 20-нд Дэлхийн хүүхдийн өдрийг тэмдэглэдэг юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ