Боолын тоо Испанийн хүн амтай тэнцэж байна

Австралийн “Walk Free Foundation” сангаас явуулсан саяхны судалгаанаас үзвэл, өнөөдөр дэлхийд 45 сая гаруй боол байгаа ажээ. Энэ байгууллагын ажилтнууд 167 орны тухай мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн байна. Тэд 53 хэлээр ярьдаг 42 мянган хүний санаа бодлыг судалсан гэж “Yahoo! News” сайтад мэдээлжээ.

2014 онд явуулсан иймэрхүү судалгааны дүн хэт дарагдуулсан байсан гэж “Walk Free Foundation” сангийн ажилтнууд үзэж байна. Өнөөдөр дэлхийд боолчуудын тоо өмнөхөөс 28 хувиар их байгаа ажээ. Бүх боолын гуравны хоёр нь Ази-Номхон далайн бүс нутагт аж төрж байгаа бөгөөд тэдний тоог Испани, Аргентин болон Кени улсын хүн амтай харьцуулж болохоор байна.

Энэтхэгт боолын байдалд байгаа бүх хүний тоо бусдаас олон бөгөөд тэнд 18,35 сая орчим хүн байгаа ажээ. БНАСАУ-д боолын ёсны тархалт хамгийн их хэмжээтэй байгаа бөгөөд энд уг асуудлыг хамгийн сул анхаардаг байна. Энэтхэгийн дараа хоёрт Хятад (3,39 сая хүн), гуравт Пакистан улс (2,13 сая хүн) бичигдэж, эхний тавд Бангладеш (1,53 сая), Узбекистан (1,23 сая хүн) орж байна.

“Walk Free Foundation” санг үндэслэгч, тэрбумтан, буяны ажил эрхлэгч Эндрю Форрест ХХI зуунд боолын ёсыг устгах арга хэмжээ авахыг дэлхийн эдийн засгийн талаар тэргүүлэгч 10 орны эрх баригчдад уриалжээ.

Албан ёсны тодорхойлолтоор, орчин үеийн боолын ёс нь сүрдүүлэг, хүчирхийлэл, албадлага юмуу хууран мэхлэлтээс болоод гэр орондоо харьж чадахгүй байгаа хүний хөдөлмөрийг мөлжиж буй хэрэг юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ