“Нэг хогийг нэг амттанаар сольё” аян боллоо
Өчигдөр гурав дахь жилдээ Чингисийн талбай дээр “Нэг хогийг нэг амттанаар сольё” аяныг зохион байгуулагч залуус өөрсдийн цуглуулсан 2000 орчим ном болон 500 кг чихрээ хүүхдүүдэд бэлэглэх үйл ажиллагаа болсон юм. Талбай дээр цугларсан хүүхэд багачуудад хогоо хогийн саванд хийснээр тус бэлгийг хүртэх боломжтой бөгөөд хотын соёлд суралцаж буй хүүхдүүдэд “Хогоо хогийн саванд хийсэн хотын шилдэг хүүхэд” болсонд нь баяр хүргэе” гэж хэлээд сайн дурын залуус бэлэглэж байсан аж. Нийт 100 гаруй сайн дурын залуус хамрагджээ.
Эх үрсийн баярын энэ өдрөөр Чингисийн талбай болон Барилгачдын талбай дээр зогсож байгаа сайн дурын залуус нь жил бүр энэхүү арга хэмжээг уламжлал болгон сүүлийн гурван жилийн турш зохион байгуулж хотоо хоггүй, сайхан эрүүл цэвэр байхад анхаарч ажиллаж байна. Өнгөрсөн жилүүдэд нийт 300,000 гаруй хүүхдэд энэхүү аянаараа дамжуулан зөв дадлыг сурталчилсан ба 300 гаруй сайн дурын залуус оролцжээ. Зөв оролцоо, хандлагыг түгээж буй энэхүү ажлын гол зорилго нь баярын дараа үүсдэг хог хаягдлын асуудлыг шийдэх мөн бяцхан хүүхдүүд, дүү нараа хотын соёлд суралцуулж зөв үлгэр дууриалалд хөтлөхөөр зорьж байгаа юм байна.
Зохион байгуулагчид нь “Найз нь найзыгаа дэмжье” ТББ ба “Ирээдүйн алтан боломж” ТББ-н залуус бөгөөд тус үйл ажиллагааг зохион байгуулахын тулд хоёр сарын турш бэлтгэл хангаж мөн энэхүү арга хэмжээг дэмжин маш олон аж ахуй нэгж, хамт олон нэгдсэн ажээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ