Н.Энхбаяр: “Цагдаа болон СЕХ хууль зөрчиж байна”


МАХН-ын дарга Н.Энхбаяр, дэд дарга Э.Эрдэнэжамъян, нарийн бичгийн дарга Б.Тулга, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар дөнгөж сая Үндэсний мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Сонгуулийн Ерөнхий хороо тус намын 76 нэр дэвшигчээс Н.Энхбаяр, Э.Эрдэнэжамъян нарын таван хүнийг бүртгэхээс татгалзаад буй.
Энэ талаар МАХН-ын дарга Н.Энхбаяр “МАХН-аас нэр дэвшихээр бүртгүүлэхэд татгалзсан хүмүүсийг шүүхээс бүртгэ гэсэн шийдвэр гарчихаад байхад давж заалд гээд бүртгэхгүй байна. Цагдаа болон СЕХ хууль зөрчиж байна” гэдгийг хэвлэлийн хурлын эхэнд онцоллоо.
Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Хүний эрхийн комисс бол НҮБ-ын харьяа байгууллага. Ардчилсан улсуудад хяналт тавьж тайлагнадаг газар. Тус байгууллага Н.Энхбаяр даргад ялтай эсэх тодорхойлолт хамаагүй гэж дүгнэсэн. Гэтэл цагдаагийн байгууллага энэ тодорхойлолтыг гаргаж өгөхгүй байна. Цагдаагийн байгууллага бол ял шийтгэлийн талаар “Тийм, үгүй” гэх л лавлагаа өгөх үүрэгтэй. Хууль тайлбарлах эрхгүй.Манай улсын сонгуулийг ажиглахаар ирсэн АНУ-ын болон гадны ажилагчид их гайхаж байгаа. Манай намаас урваж МАН-д орсон Ч.Улааныг өрсөлдөгчгүй дэвшүүлэхийн тулд н.Энхбаатар гэдэг хүнийг бүртгэхээс татгалзсан байна. АН, МАН- олигархуудыг нэр дэвшүүлэхийн тулд ингэж байна” гэв.

Харин МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъян “Н.Энхбаяр дарга бид хоёр хууль зөрчөөгүй. Бидэнд хилсээр тулгасан ялыг үүрсэн. Цагдаагийн байгууллага хуулиар хийх ёстой ажлаа хийхгүй байна. Хуулиар бол ялгүй гэж тодорхойлохоор байгаа. Гэтэл цагдаагийн байгууллага ажлаа хийхээрээ хууль давуулж хийчихээд авлига авах гээд байна. Авлигаар өмнө нь ажил хэргийг зогсоодог байсан бол өнөөдөр ардчиллыг зогсоож байна.Хэн мөнгө төлж, эрх мэдэлтэй байна тэрэнд үйлчилдэг болжээ” гэсэн юм.
Авлигаар өмнө нь ажил хэргийг зогсоодог байсан бол өнөөдөр ардчиллыг зогсоож байна.
Төгсгөлд нь Н.Энхбаяр “2012 оны сонгуульд орж чадаагүй ч шударга ёс эвсэлд санал өгч суудал авч байсан. Манай гишүүд АН-ыг дэмжиж үнэнч шударга ажилласан. Биднийг Засгийн газрыг тогтвортой байлгасны дүнд Ч.Сайханбилэг ийм хариу барьж байна. Төр засаг бүрэн бүтэн байх ёстой гэж бодож ажилласан. Илт цөөнх байсан болохоор амлалтаа хэрэгжүүлж чадсангүй. Цаашид олонхи болж амлалтаа биелүүлэх болно” гэлээ.
Мөн Энхбаяр даргын өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн 263.2-т Н.Энхбаяр даргад ял оноогоогүй. 2009 онд өршөөлд хамрагдсан. эрх бүхий албан тушаалтнууд өөрсдөө хууль зөрчиж, мугшин гуйвуулж байна. Бусад хүмүүст бол ялгүй гэсэн тодорхойлолтыг өгөөд байгаа хэрнээ Н.Энхбаяр даргад өгөхгүй байна. Хэрвээ хуулийн хугацаанд энэ зөрчлөө залруулахгүй бол цагдаагийн дарга Бат-Өлзийг шүүхэд өгнө” гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ