Нээлттэй шүүх хурал хийжээ

Баянхонгор аймаг дахь хууль сахиулах байгууллагуудын хамтарсан нээлттэй хаалганы өдөрлөгийг 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Жаргалант суманд зохион байгуулж энэ үеэр тус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2016 оны 04 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө М-нь иргэн А-г зодож хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлсэн М-д холбогдох эрүүгийн хэрэг, Эрдэнэцогт сумын нутагт дэвсгэрт үйлдэгдсэн 4 тооны адууг 3 удаагийн үйлдлээр хулгайлсан Ж, Г нарт холбогдох эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 заасаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргүүдийн нээлттэй шүүх хуралдааныг зохион байгуулж, хэргийг шийдвэрлэж шийтгэх тогтоол гарсан байна.

Тус нээлттэй хаалганы өдөрлөгт аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Хууль зүйн хэлтэс, Шүүхийн Тамгын газар, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газар, Шинжилгээний алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Тахарын алба, Улсын бүртгэл Статистикийн газар зэрэг байгууллагууд оролцож, үйл ажиллагаагаа сурталчилан таниулж, яриа таниулга хийж, иргэдийн асуусан асуултанд хариулт өгчээ.

Энэ үеэр аймгийн прокурор Ж.Уранцэцэг "Баянхонгор аймгийн хангайн бүсийн сумдууд болох Гурванбулаг, Заг, Жаргалант, Галуут, Бөмбөгөр, Бууцагаан, Баян-овоо сумдуудын эрүүгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн байна.

Нээлттэй хаалганы өдөрлөгт хангайн сумдын төрийн албан хаагч, малчид, иргэд нийт 139 хүн оролцож, 400 ширхэг гарын авлага, сурталчилгааны материал, санамжийг тараасан нь иргэдэд Прокурорын байгууллагын үйл ажиллагааг сурталчилан таниулах, гэмт хэрэг, зөрчлийн талаар тодорхой ойлголт өгсөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн хүрээнд хийгдсэн томоохон ажил болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ