Армянчуудын эсрэг гэмт хэргийг хүйс тэмтрэх ажиллагаа гэв

Германы бундестагийн депутатууд 1915 онд Османы эзэнт улсад армянчуудын эсрэг үйлдсэн гэмт хэргийг хүйс тэмтрэх ажиллагаа гэж хүлээн зөвшөөрсөн тогтоолыг сайшаажээ. Энэ тухай Ройтерс агентлаг пүрэв гарагт мэдээлсэн байна.
Баримт бичгийг бараг санал нэгтэй дэмжиж, ердпөө ганцхан депутат эсэргүүцэж, бас нэг депутат санал өгөхөөс түдгэлзжээ.
“Die Welt” сонинд тэмдэглэснээр, Германы канцлер Ангела Меркель, гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайер, дэд канцлер Зигмар Габриэль нар санал хураахад байлцаагүй байна.
“Дэлхийн нэгдүгээр дайны үед Османы эзэнт улсад армянчуудыг устгасан нь армяны ард түмний мянган жилийн түүхэнд асар их үр дагавар дагуулсан томоохон сүйрэл байсан юм” гэж тогтоолд дурдсаныг РИА Новости агентлаг иш татжээ.
Армянчуудыг хүйс тэмтэрсэн нь Дэлхийн нэгдүгээр дайны үед болон түүний дараа Османы эзэнт улсад нутгийн армянчуудыг зориудаар устгаж байсан хэрэг юм. Янз бүрийн тоо баримтаас үзвэл, туркийн эрх баригчдын үйлдлийн улмаас тэр жилүүдэд 800 мянгаас 1,5 сая хүртэл армян хүн амь үрэгдсэн байна.
Турк улс хүйс тэмтэрсэн гэх баримтыг няцаадаг юм. Армянчуудын шилжилт хөдөлгөөний үед болсон хэрэг явдал нь зориуд санаатай үйлдэл байгаагүй юм гэсэн албан ёсны байр суурийг эрх баригчид баримталдаг байна.
Армянчуудыг устгаж байсныг олон орон хүйс тэмтрэх ажиллагаа гэж албан ёсоор хүлээн зөвшөөрсөн юм. Армянчуудыг хүйс тэмтэрч байсныг үгүйсгэхийг хэд хэдэн улс, тухайлбал Франц, Швейцарьт эрүүгийн хувьд шийтгэвэл зохих гэмт хэрэг гэж үздэг байна.
Османы эзэнт улсад армянчуудыг хүйс тэмтэрч байсныг хүлээн зөвшөөрсөн тогтоолыг германы бундестаг баталсныг Туркийн хууль зүйн сайд Бекир Боздаг тайлбарлахдаа, нацистын Герман еврейчүүдийг олноор нь устгаж байсныг сануулжээ. “Anadolu” агентлаг пүрэв гарагт ингэж мэдээлсэн байна.
“Тухайн үед өөрсдөө еврей нарыг зууханд шатааж байсан мөртлөө, одоо туркийн ард түмнийг гүтгэж, хүйс тэмтрэх ажиллагаа явуулж байсан мэтээр буруутгаж байна. Эхлээд та нар өөрийн түүхийг эргэн харвал дээр биш үү” гэж сайд мэдэгджээ.
Бундестагийн шийдвэр нь хоёр орны харилцааг эгнэгт өөрчилнө гэж үзэж байгаагаа сайд бас илэрхийлсэн байна. “Турк улс өөрийн замаар цаашид замнана, парламентуудын шийдвэр манай түүхэнд хар толбо суулгаж чадахгүй” гэж Боздаг хэлсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ