Шоудаж болохгүй сонголт

Сонгууль жижгэрсэн нь горилогч нарт сайтай муутай тусч байна. Иргэд маань ядаж л гарын үсгээрээ гангарч эхэллээ. 800 гарын үсэг цуглуулахад нэр дэвших эхний босгыг давна. Эртнээс цочир ПиАр- аа эхлүүлсэн дуучин Нара гарын үсэг цуглуулах эхний шатанд тасархай ялсан гэнэ. Тэрээр нүд ирмэхийн зуур 3000 хүний гарын үсэгтэй болсон талаараа сошиалаар гайхуулав. Нөгөө талд улс төрийн туршлага мэдлэгээр дуучин эмэгтэйгээс хол илүүрхэх М.Батчимэг, Ц.Оюунгэрэл нарын цөөнгүй улс төрчид тойргоосоо төөрсөн мэдээлэл гарч байв.

Ирэх сонгуулийн түгшүүр энд л байгаа юм. Дуучин Нара үнэхээр их хуралд суух хүнээр тодрох гээд совин татаад байгаадаа бус манай сонгогчид одоогийн улс төрийн уур амьсгалаас ямар их уйдсан, шулуухандаа бол залхсан байгаагийн илрэл.

Урьд сонгуулиудад хоёр том нам яаж суларсан ч нийт сонгогчдын 30 хувьтай байдаг ба хөвөгч нар 15-20 орчим хувьд эргэлддэг байв. Тэр өглөөний тэнгэрээр саналаа өгчихдөг хөвөгч 20 хувийг эргүүлэхийн тулд бэлэг сэлтээс бэлэн мөнгө тараах, өргөн архидалт эхлүүлэх зэрэг сонгуулийн бохир аргууд бий болсон. 2000-2004 оны хөвөгчдийн ихэнх нь ажилгүй ба зорилгогүй бидний хэлдэгээр амьдралдаа арчаагүй гэж хэлэгддэг хэсгийнхэн эхний эгнээнд жагсдаг байлаа. Энэ жилийн хувьд судалгааны байгууллагын мэдсэнээр бол хөвөгчид аль хэдийн 30 хувийг давсан бололтой. Бүгд ядуураад ийн хөвөгч нар хүрээгээ тэлээгүй. Улс төрийн булхай, хэрүүл хуйвалдаан бүх шатны авилгаас залхсан дундчууд, сэхээтнүүдийн давхрага ч хөвөгчдийн эгнээ рүү шилжсэн байна.

Тэд хоёр намд хоёуланд сэтгэл дундуур болсон ба энэ сонгуульд эргэлзээтэй байдлаа хадгалсаар эцсийн мөчид шийдэж саналаа өгөх магадлал өндөр байгаа.Гэр бүлийн хүрээнд энгийн амьдралд эхнэр, нөхөр бие биенээсээ залхах мэт иргэд улс төрийн намуудаас бүрэн залхсан нь одоогийн дуучид бөхчүүдийг дэмжсэн мэт харагдах шохоорхлоор илэрч байгаа болов уу. Үнэндээ бол төрд бас хэнийг гаргахаа тулаад ирэхээр мэдэхтэйгээ боловсрол харьцуулалттай болчихсон байгаа л даа.

Хоёр намын сонгуулийн сурталчилгаа ямар тактикаар явах нь одоогийн өндөр хувьтай байгаа хөвөгчдийг барьж чадах эсэхийг шийднэ.

Парламентын танхимыг бөхийн ногоон дэвжээ шиг харж өнгөтэй хүчтэй байгаад нь саналаа өгчихдөг цаг хуучирсныг мэдэрч, магтаал сайрхлаа татаж,Концепцигүй замбараагүй яриануудаа хянахгүй бол залхсан олон нийт эгдүүцэх хандлага мэдрэгдэж байгаа. Ингэж явсаар уйдсан хөвөгчид шохоорхлоороо саналаа өгөөд эрээн мяраан гишүүд цуглавал одоогийн улс оронд тулгарч буй асуудал шийдэгдэх бус бүүр бөглөрч болох гэмтэй.

Ёстой шоудаж болохгүй парламент бүрдэх шаардлага бий болсон тулмэдлэгтэй боловсролтой залуу үе, тулхтай гишүүдээс бүрдсэн чуулган бүрдэж байж хямралын оношыг зөв олж улс төр, нийгэм, эдийн засагт эргэлт болохоор өөрчлөлт хийх хэрэгтэй болсон.

Сонгуульд нэрээ дэвшүүлэх сонгогдох, сонгох эрх бүх хүнд адил тэгш нээлттэй байгаа. Энэ бичлэгээрээ хэн нэгний энэ онцгой эрхэд халдах гэсэнгүй. Гэхдээ дараагийн парламентын хүлээх үүрэг урьдын адил 4 жилийн хөрөнгөжих боломж, туршлага суух дамжаа байх ёсгүй бөгөөд тийм сул цаг ч одоо үлдээгүй.

Намуудын санхүүжилтийг шилэн болгох, улс төрчдөд хариуцлагын хуулийн механизмыг бий болгох, бүх шатанд стандарт хангасан ажил үйлчилгээг нэвтрүүлэх, төрийн хямралыг Үндсэн хуулийн хэмжээнд авч үзэж хэлэлцүүлэх, хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг хангах гээд зүгээр нэг дуучин шоучин ойлгоход дүгнэхэд үзүүр нь хол харагдах өргөн хүрээтэй том зорилтыг шийдэх төлөөллүүдийг сонгох хоног тулсан байгаа. Гэтэл аль ч намд үл итгэх хөвөгч нарын тоо нэмэгдсээр байгаа нь түгшүүрийн мэдрэмж төрүүлж байгаа юм.

Энэ улсыг өрх толгойлсон дуучин Нара нь аваад явна уу, мөнгө далладаг Сарандаваа нь чирнэ үү хамаагүй. Тойрогт минь л цэцэрлэг, сургууль бариад өгчихвөл болоо гэж төөрөлдөх бий дээ.

Мөн шинэ үзэгдэл болсон сошиалын давалгаа солиорлоор их шуурвал 3000 сонгогчийн шохоорхол давамгайлж, тамирчин, дуучид торойгоод гараад ирж магадгүй л байна. Хатуухан хэлэхэд төрийн хямрал сонгуулийн шоуны дараах хямралаар үргэлжлэх вий дээ.

П.Баяр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ