С.Энхтөр: Энэ өдрийг зохион байгуулах бодол хэдэн жил толгойд эргэлдэж билээ

Автомашингүй өдрийг анхлан санаачлагч хүн бол хурандаа С.Энхтөр юм. Тэрээр өөрийн түүх сөхөж, сэтгэгдлээсээ хуваалцжээ.

"Ийм нэг түүх. Маргааш автомашингүй өдөр. Анх автомашингүй өдрийг нийслэлдээ зохион байгуулж үзэх бодол нилээн хэдэн жил миний толгойд эргэлдэж билээ. Ингээд 2007 онд анх удаа зохион байгуулахаар нөхдүүдтэйгээ ярилцаж төлөвлөгөө гарган холбогдох байгууллагуудад уламжилснаар ЭМЯ, ДЭМБ, НЗДТГ-тай хамтран зохион байгуулахаар болж билээ. Мэдээж анх удаа ийм зүйл хийж байгаа болохоор төвөгтэй асуудлууд их байсан ч өнөөдөр нийслэлчүүдийн хүсэн хүлээдэг өдөр болсныг харахад сэтгэл өндөр байдгаа хэлэхэд таатай байна. Харин энэ өдрийг манай улсад анх удаа зохион байгуулсны дараа Японы Ёкохамагийн их сургуулийн профессор олон улсын mobility week, car free day тэмдэглэх хорооны азийн салбарын координатор Мочизуки \ тэр үед Японд докторантурт сурч байсан, одоо доктор Амаржаргалаар дамжуулан\ надтай холбогдож өөрийн эх оронд урьж, Азийн автомашингүй өдрийг тэмдэглэх хорооны албан ёсны гишүүнээр Монгол улсыг бүртгэж билээ. Өнөөдрийн байдлаар Азид Токио, Сөүл, Бээжин, Улаанбаатар, Тайбэй хотууд энэ хөдөлгөөнийг идэвхитэй зохион байгуулдаг болоод байна. Автомашингүй өдөр нь зүгээр нэг автомашины хөдөлгөөнийг тодорхой орчинд хориглох бус, автомашины хор уршгийг ойлгуулах, нийтийн тээврийг дэмжих, унадаг дугуй болон эко тээврийн хэрэгслийн хэрэглээг дэлгэрүүлэх зорилготой байдгийг мэдэхэд илүүдэхгүй болов уу"

Зураг дээр 2007 он анх удаа зохион байгуулж байсан үе\ хошууч байсан байна, азийн автомашингүй өдрийг тэмдэглэх хорооны төлөөлөгч нар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ