Хүүхдийн парк хүүхдэд хэр ээлтэй вэ?

Урин цаг ирэхтэй зэрэгцэн хүүхдийн парк амь орж, багачуудын баяр хөөр бялхдаг. Хүүхэд өөрөө паркдаа дуртай, хайртай. Харин парк нь тэдэнд хэр ээлтэй вэ? Энэ гэгээн ертөнцийг барайлгах гэсэндээ бус олны шүүмжлэлийг оноож хүргэх гэсэндээ зарим нэг асуудлыг хөндөж байна.

1.Үндэсний соёл амралтын хүрээлэн жил бүр шинэчлэл, засвар хийлээ хэмээн мэдээлдэг. Өнгө зүс нэмсэн нь ч тодхон харагддаг. Гэвч үнэндээ нүглийн нүдийг гурилаар хуурав гэгчийн үлгэр болох вий гэх олны эмзэглэл олон жил үргэлжилсээр. Энэ бол аюулгүй ажиллагааны тухай асуудал. Мууг зөгнөх гэсэндээ бус өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх вий гэсэндээ үүнийг хөндөв. Одоохондоо ноцтой саатал, эвдрэл, осол гэмтэл гараагүй ч, манайд өндөр насжилттай тоглоомууд одоо ч үүргээ гүйцэтгэж байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Тоглоомын тоог олшрууллаа л гэхээс хуучныгаа халж, солисон гэх нь үгүй. Өнгө будгаар гоёод үргэлжлүүлэн ажиллуулж байгаа нь бас л цаанаа эрсдэлтэй санагддагийг нуух юун. Аливаа эрсдэл гарахад хариуцагч нь тодорхойгүй байсаар хохирогч нь хохироод үлддэг тохиолдол манайд цөөнгүй. Ийм л зүйл бүү болоосой.

2.Дундаж орлоготой айлд арай ахадсан үнэтэй үйлчилдэг тус байгууллагын орлого, зарлага тодорхой бөгөөд шүүмжлэл их. Дунджаас доош орлоготой өрхийн хүүхэд бол хаалгаар нь ч шагайх эрхгүй энэ газарт үнийн шударга бус тогтолцоо үйлчилнэ. Өөрөөр хэлбэл гурваас дээш настай л бол хүүхэд, томчуудад ижил үнэ үйлчилнэ. Хүүхдийн парк нь аттракцион, зөөлөн тоглоом болон автомат зэрэг бүгд нийлээд 70 гаруй төрлийн тоглоомтой. Нэгэнт зорьж ирсэн хүүхдүүд нэг бус нэлээд хэдэн тоглоом дээр тотоглохыг хүснэ.Ингээд тооцвол тус байгууллагын өдрийн орлогын баримжаа алсхан ч гэсэн харагдах байх. Гэвч энэ мөнгө хэдэн тийш салаалан урсдагийг хэн ч мэдэхгүй. Мэдэх ч ёсгүй.

3.Мэдээллийн эрин зуунд энэ байгууллагын үйл ажиллагааны талаарх мэдээ мэдээлэл, цагийн хуваарь зэргийг хаанаас авах нь тодорхойгүй. Албан ёсны цахим хуудсууд нь мэдээллийн булангүй, зөвхөн танилцуулга төдий байх.

4.Харилцааны ёс зүй. Энэ асуудлыг нүүр номд нь хандаж ороход тодорхой харагдана.

Энэ мэтчилэн улсдаа цор ганц хүүхдийн паркийг өнгөц тольдоход ийм байна. Гагцхүү эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудын төлөөх үйлс бүхэнд сэтгэл зүрх дутвал ирээдүй ч бидэнд сэтгэл зүрхгүй хандана.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ