Жишиг шүүх хуралдааны танхимын нээлт боллоо

Өнөөдөр Нийслэлийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Монголын шүүхийн үйлчилгээнд дэвшил болсон томоохон үйл явдал болсон нь жишиг шүүх хуралдааны танхимын нээлт байв.
Олон талаараа иргэнээ дээдэлсэн, орчин үеийн стандарт бүхий нээлттэй шүүхийн жишиг болсон тус хуралдааны танхимын нээлтэнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндорж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Сарантуяа, О.Зандраа, Д.Эрдэнэчулуун, П.Батсайхан нар болон Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, доктор Т.Мэндсайхан, ажлын албаны төлөөлөл, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд оролцлоо.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, профессор Н.Лүндэндорж тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ "Би Монгол төрийн буян, нээлттэй дэлхийд амьдарч байгаагийнхаа гавьяагаар дэлхийн олон улс орноор явж, шүүхийн байр, танхимтай танилцаж байсан. Ингэж явахдаа шүүхийн архитектурын дагуу баригдсан барилгуудыг хараад Монгол улсдаа ийм шүүх хуралдааны танхимтай болчих юмсан гэсэн бодол тээж, битүүхэн атаархдаг байсан.
Манай шүүгчид, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд ч тийм бодолтойгоор эх орондоо ирдэг байсан байх гэж бодож байна. Миний бие хамгийн сүүлд БНПУ-д ажлын айлчлал хийсэн. Бас л бидэнтэй адил социализм, коммунизмыг туулсан, ойролцоо гараанаас эхэлсэн орон биднээс тийм хол түрүүлчихсэнийг харж, Польшийн Дээд шүүхийн Ногоон танхимд орж үзээд мөн л тэрхүү сэтгэгдэлтэйгээ буцаж ирсэн бодол маань танай шүүхийн архив байсан харанхуй өрөөг ийм сайхан танхим болгосонд баяртай байна. Энэхүү ажлыг санаачилж хийсэн хүмүүст болон ийм хэрэгцээ шаардлагыг төрүүлсэн Нийслэлийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхийн шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнууддаа талархал илэрхийлье. Шүүх бол нэг талаас үйлчилгээний байгууллага. Хуучин бол шүүх эрх мэдлийн байгууллага гэгддэг байсан бол өнөөдөр дэлхийд үйлчилгээний гэх имидж, хандлага хамгийн хүчтэй яригддаг болсон. Бид өнөөдөр шүүхээс үйлчилгээ авч байгаа иргэддээ энэ заалны гуравны нэгийг интерьерийн зохион байгуулалтаараа зориулж байгаа нь Монгол улсын шүүхийн нээлттэй, ил тод байдлын баталгаа болж байна. Нөгөө талаар шүүх бол төрийн эрх мэдлийн нэг салаа. Дэлхийд шүүхийн бие даасан, шүүгчийн харааат бус байдал нь барилгынхаа архитектур, шүүх хуралдааны танхимын зохион байгуулалт, өнгө төрхөөр нь хангаж хамгаалж байдаг соёл дэлхий даяар тогтсон. Энэхүү танхим тэр жишгийг хангаж чадсанд баяртай байна. Хоёрдугаарт, шүүх хуралдааны танхим хүндэтгэл төрүүлэхүйц байх ёстой. Шүүх хуралдаанд ирж байгаа, шүүхийн өмнө мэтгэлцэгч субьектууд, сонирхож байгаа иргэд шүүхийг хүндэтгэх сэтгэл зүйн уур амьсгалыг бүрдүүлэхийг бид энэ танхимын зохион байгуулалтанд бодолцсон. Энэ сайхан танхимыг богино хугацаанд бидний санаанд хүрсэн хэмжээнд барьж өгсөн уран гартай барилгачдад нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын өмнөөс талархал илэрхийлье. Монгол улсын шүүх зуугаад жилийн түүхтэй. Энэ түүхэндээ шүүх хуралдааны танхимууд муу биш байсан. Саяхан Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны нийгэмлэгээс анх удаа "Монголын шүүхийн цогц зураглал” судалгааг хийсэн. Анхны дүгнэлтийг нь би 2 дахь удаагаа уншиж байгаа. Шүүхийн шинэтгэлийн талаарх олон янзын дуу хоолойд энэхүү судалгаа удахгүй хариулт өгнө. Тэр дүгнэлтэнд "Монгол Улсын шүүх хуралдааны танхим жижигхэн боловч албаны шинж чанарыг бүрэн тусгасан сайн танхимуудтай. Гэхдээ хэт албаны биш юм” гэж тодорхойлсон. Гадны экспертүүд ирээд харахад өвсөн овоохой мэт байсан гэж хэлэхгүй байгаа нь өмнөх үеийн бүтээсэн баялаг гэж хэлэх ёстой. Гэхдээ бид өнөөдрийнх шиг ийм танхимыг зуун жил бүтээгээгүй юм. Анх удаа бүтээж байгаагийн төлөө энэ бол өнөөдөр алга таших ёстой үйл явдал. Энэ жишиг танхим ганц танай шүүхээр зогсохгүй. Монгол улсын тал хувиас илүү иргэд амьдарч байгаа Нийслэл хотынхоо эрүү, иргэний шүүхэд анх удаа зориуд бид байгуулсан.Цаашдаа захиргааны 2 шүүхдээ 2017 онд байгуулна. Шүүхийн эдийн засаг сайжирвал Монголын шүүхэд олон, олон ийм танхим төрөн гарах болно, төрөн гарах болтугай гэж ерөөл хэлэхийг хүсч байна. Хамгийн сүүлд нь миний ганц хүсэх зүйл бол энэ сайхан танхимд дандаа шударга ёс ялж байх болтугай” гэж онцлон дурьдаад Нийслэлийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн, Ж.Оюунтунгалаг нарын хамт хүндэтгэлийн тууз хайчлав.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, доктор Т.Мэндсайхан "Шүүхийн ерөнхий зөвлөлийн бодлого шүүхийн шинэтгэлийн хүрээнд шүүхийг иргэдэд аль болох нээлттэй болгох зорилготой. Энэ танхимын нийт талбайн гуравны нэгийг шүүхээс үйлчилгээ авч байгаа иргэдэд зориулснаараа тэдний зүгээс шүүх хуралдааныг ажиглах, хянах нээлттэй боломжийг илүү хангасан. Шүүгч, өмгөөлөгч, прокурор, иргэд, хэвлэл мэдээллийнхэн тус тусдаа хаалгаар орж гарна. Цаашдаа энэ жишгээр бүх шүүх хуралдааны танхимууд тоноглогдох ёстой. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед нарийн бичгийн дарга нарын тэмдэглэл дэлгэцэн дээр гарснаар хэргийн оролцогчид, прокурор, өмгөөлөгчид хянах боломж анх удаа бүрдэж байгаа. Мөн нотлох баримтыг үнэлэх ажиллагааг тус дэлгэцээс харах боломжтой. Ихэнх улс оронд аюулгүй байдал талаасаа шүүх хуралдааны танхим цонхгүй байдагчлан энэхүү жишиг танхим агааржуулалтын сүүлийн үеийн тоноглолоор хангагдсан. Мэдээж шүүгчдийн зөвлөлдөх тасалгаа тусдаа, иргэдэд зориулсан мэдээлэл лавлагаа, ариун цэврийн өрөө, өлгүүр, өмгөөлөгч, прокурорын өрөөг цогцоор шийдсэн” гэж тодотгоод жишиг шүүх хуралдааны танхимын товч танилцуулгыг хийсэн юм.
Ийнхүү 60 иргэний суудал бүхий жишиг шүүх хуралдааны танхимын нээлтийн ажиллагааны дараа товлогдсон хуваарийн дагуу тус танхимд шүүх хуралдааны бэлтгэл ажил хэдийн хангагдсан байв.







СЭТГЭГДЭЛ БИЧИХ