Мисс Г.Нандинчимэг ЭХЭМҮТ-д нярайн шарлалт хэмжигч хандивлажээ
“Miss World Mongolia-2005” тэмцээний гуравдугаар байрын шагналт мисс, загвар өмсөгч Г.Нандинчимэг өчигдөр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн зөвлөх поликлиникийн нярайн кабинетэд шарлалт хэмжигч багаж хандивласан баяртай мэдээг дуулгалаа. Миссийн тэмцээнд тэргүүлж, загварын тайзнаа томоохон амжилт гарган “Гоёл” наадмаас шагнал хүртэж явсан үзэсгэлэнт бүсгүй маань “Nandinway” компанийн захирлаар ажилладаг юм билээ.
Бизнесийн салбарт амжилттай ажиллаж, үйлчлүүлэгчдийнхээ цар хүрээг өдрөөс өдөрт нэмж буй мисс Г.Нандинчимэг өдгөө гурван ч хүүхдийн ээж болсон бөгөөд урьдын адил гялалзсан хэвээр... Бяцхан үрсийн эрүүл мэндэд санаа тавьсан мисс бүсгүй багахан хэмжээний хандивын аян зохион байгуулж найз нөхөд хийгээд ойр дотны хүмүүс, сайхан сэтгэлт бусад хүмүүсийн ачаар уг багажыг ЭХЭМҮТ-д хандивласан гэнэ. Энэ тухайгаа тэрбээр “Маш сайхан мэдээтэй!!!! Нөгөө шарлалт хэмжигч багажаа аваад өгчихлөө!
“Олны хүч оломгүй далай” гэгчээр надад итгэж, над руу мөнгө шилжүүлсэн бүх найз нөхөд, ах эгч, хамаатан садан тэр ч байтугай танихгүй ч гэсэн санааг минь дэмжиж, тусалсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тавдугаар сарын 19-нөөс хойш энэ өдрийг хоног тоолон хүлээлээ. Мөнгөө цуглуулах гэж 7-8 хоног, багажаа захиж авчрах гэж бас 7-8 хоног болоод өнөөдөр хүрчихлээ. Уучлаарай. Бид чадлаа! МОНГОЛЫН МИНЬ ҮРС ЭРҮҮЛ САРУУЛ ӨСӨН ТОРНИХ БОЛТУГАЙ” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцжээ.
Өдөрт 100 гаруй нярайг үзэж оношилдог тус кабинетийн эмч нарын хувьд хуучин багаж нь эвдэрч гацсан тул нэлээд бэрхшээлтэй тулгараад байсан аж. Харин энэхүү шинэ багаж нь ганцхан удаагийн үзлэгээр тун тодорхой оношилдог учраас эмч нар ихэд баяртайгаар угтсан гэнэ шүү.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ