“Хайр”-ын улс төрд ханиуд дэвшиж байна

Энэ жилийн сонгуулийн дүр зураг сонирхол татам, түүхэнд байгаагүй онцгой үйл явдлаар дүүрэн өрнөсөөр байна. Тухайлбал, урлаг, спорт гээд бараг салбар бүрээс төлөөлсөн нэр дэвшигчид улс төрд хүч төрөн орж ирлээ. Хамгийн сонирхолтой нь гэр бүлийн улс төр гэнэтийн бэлэг байв. Хүний хань гэдэг нэгэн биеийн нөгөө тал гэсэн зүйрлэл байдаг. Тэгэхээр магад давуу байдал ч болох талтай.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 75-р тойрогт хатагтай О.Цолмон МАХН-аас, Орхон аймгийн 48-р тойрогт хатагтай Л.Аззаяа “Ард түмнээ хайрлая” намаас тус тус нэр дэвшиж байгаа билээ.
О.Цолмон бол Н.Энхбаярын, Л.Аззаяа нь Л.Гүндалайгийн гэргий гэдгийг эрхэм Та юу эс андахав. Тэд хоёул намын дарга нарын эхнэрүүд. Хэрэв Н.Энхбаяр дарга нэр дэвших боломжтой байсан бол цаашлаад тэд дөрвүүл сонгогдлоо гэхэд Төрийн ордон "Хайр"-ын ордон болж улс төрд бас ч үгүй содон дүр зураг харагдах байсан биз ээ.
Харамсалтай нь МАХН-ын дарга Н.Энхбаярыг нэр дэвшүүлэх боломжгүй гэсэн СЕХ-ны шийдвэр бий. Тэгвэл Л.Гүндалайгийн хувьд өөрийн намаасаа БЗД-ийн 51-р тойрогт нэр дэвшихийн сацуу ханиа өөр тойрогт давхар нэр дэвшүүлж байгаа нь холыг харсан холч ухаан гэлтэй. Тэрээр эхнэр Л.Аззаяагаа “Буян”-гийн Б.Жаргалсайханы эсрэг тулаанд сойсон нь сонирхол татав. Л.Аззаяагийн тухайд 1974 онд төрсөн бөгөөд Сувилагчийн сургууль, МУИС-ын ОУХДС-ийг олон улсын эдийн засагч мэргэжлээр төгссөн. Одоо Чингэс хаан трейвэл ХХК-ийн захиралаар ажилладаг.
Харин хатагтай О.Цолмон бол хэзээнээсээ төрийн тэргүүний гэргий байсны хувьд төр түшилцэж явсан гэхэд хилсдэхгүй, бас ч үгүй туршлагатай нэгэн гэж хэлж болно. Тэрээр УИХ-ын гишүүн, АН-аас нэр дэвшигч Ш.Түвдэндорж, Бишрэлт группийн ерөнхийлөгч, МАН-аас нэр дэвшигч Б.Ундармаа тэргүүтэй хүмүүстэй өрсөлдөх бөгөөд хань, гэр бүл, намын гишүүдийн хамтаар чамгүй хүч хуримтлуулж байгаад эргэлзэх зүйлгүй.
Ийнхүү энэ удаагийн сонгууль сонин содон нэр дэвшигчээр дүүрэн байгаа юм. Ямартай ч Л.Гүндалай гэр бүлийнхээ хамтаар сонгогдвол хосын улс төр хэрхэн замнахыг харах боломж гарч ирэх бололтой.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ