Томчууд аа, хүүхэд хохирсоор байна

Налайх дүүргийн нэгдүгээр хороонд бага насны хүүхэд машины цонхоор унаж амиа алдсан хэрэг гарчээ. Тус хорооны оршин суугчБ /36 настай, эрэгтэй/ гэх иргэн "Hyundai Porter" автомашиндаа гурван настай охиноо үлдээгээд явсан хойгуур охин нь машины цонхоор унасан байжээ. Улмаар эмнэлэгт хүргэгдэх замдаа амьсгал хураасан байна. Энэ мэт бага насны хүүхдийг хараа хяналтгүй машиндаа цоожилж хүүхдийн эрхийг зөрчсөн, амь нас, эрүүл мэндээр нь хохироосон эцэг эхчүүдэд Эрүүгийн хуулийн 118-р зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэдэг заалттай.

Мөн СХД-ийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Москва хорооллын 10 дугаар байрны өмнөх муу усны нүхэнд гурван настай хүүхэд унаж гэмтжээ.

Энэ талаар иргэд цагдаагийн байгууллагад мэдэгдэж дуудлага өгчээ. Хүү тус хорооны оршин суугч юм байна. Энэ мэтчилэн бага насны хүүхдэд тавих эцэг, эхчүүдийн анхаарал сул байгаагаас бяцхан үрс хохирч, эндэж байна. Тиймээс цагдаагийн байгууллагаас эцэг, эхчүүдэд бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, ганцааранг нь орхихгүй байхыг анхаарууллаа.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ