Ийм онигоо уншвал архинд оролгүй яахав

Бурхан минь. Боловсролын тогтолцоо чинь дампуурчихаж Л.Гантөмөр сайд аа. Хэлэх ч үг алга.

Баянгол дүүргийн Дөрөвдүгээр хорооллын “Модны-2”-ын гэх 32 дугаар байранд оршин суудаг сургуулийн өмнөх насны хүүхэдтэй залуу эхчүүдийн төлөөлөл өчигдөр орой намайг хүлээн суужээ. Байрныхаа өнцгөөр тойроод гараад иртэл их л чухал хүн нь харагдсан мэт тосон ирцгээв. Мэндийн зөрөөгүй шахуу бөөн гомдол дарлаа. Энэ жил сургуульд орох хүүхдүүддээ хамтаараа ойр, зуурын ном авч өгчээ.

Гадаад, дотоодын үлгэрүүд, онигооны цуврал гэх ном авснаа харууллаа. Тэд номыг сөхөж үзэлгүй авчээ. Ингээд унштал ямар онигоо гарч ирсэн гэж санана. Би түүнийг нь хальт хараад бүр алмайрч орхив. Бараг л шоконд орлоо. Алдрай бяцхан үрст зориулсан номын онигооны бараг тал нь архи, архичны тухай байх юм. Нүдэндээ ч итгэсэнгүй. Дахин лавлавал гарцаагүй ээ. Номын нэр осолдохгүй “Онигоо” хүүхдэд зориулсан цуврал байлаа. Ухааруулах үүднээс уншигчиддаа, учирлах талаас нь сайддаа дээрх номонд орсон онигооноос гурвыг л хүргэе. “Туулай авдар архи худалдаж аваад бутан дотор нуугаад “Энд архи байхгүй” гэсэн бичиг дээр нь орхижээ. Хажуугаар нь өнгөрч явсан зараа түүнийг ойлголгүй яах билээ. Архийг нь аваад, “Зараа аваагүй” гэсэн бичиг үлдээжээ”. “Согтуу алиалагч арайхийж хариад, аяганд жаахан архи үлдээгээд унтжээ. Өглөө шараа тайлах гэтэл архи нь байдаггүй. Тоть нь “Мээ-дээх-гүй ээ” гээд мөрөө хавчив. Маргааш нь архи бас л алга. Нөгөөдөр нь бүтэн шилийг үлдээгээд, “Хэрэв уусан байвал бүх өдийг чинь зулгаагаад хаячихна шүү" гэжээ. Өглөө нь шил хоосон, тоть нь шал согтуу, бүх өдөө зулгаачихсан “Чи муу одоо юугаа зулгаадаг юм бэ” хэмээн дэвж байжээ.

Архиддаг, шар тайлдаг, агсам тавьдгийг бүр детальчлан үзүүлсэн байгаа биз. “Гахай, анааш хоёр тааралджээ. Анааш гахайд хандан “Чи ямар богино хүзүүтэй юм бэ? Урт хүзүү ч сайхан шүү. Архи уухад хоолойгоор явж байгаа нь халуу оргиулаад мөн гоё оо" гэж. Гахай, "Тэгвэл бөөлжихөд яахав" гэсэн байна. Дөнгөж сургуульд орж буй хүүхдүүд ийм онигоо уншвал архинд оролгүй яахав. Эцэг эхчүүд надаас нэг зүйл хүсэв. “Та эрхбиш сэтгүүлч хүн байна. Энэ номыг боловсролын сайдад хүргэж өгөөч. Худалдаанд байлгамааргүй юм” гэсэн билээ. Гучин есөн онд монголчууд ном устгаж байснаас хойш тийм зүйл тохиолдоогүй гэдэг. Өнөөдөр харин эл номыг устгахаар барахгүй бүгдийг нь овоолоод шатаамаар санагдав. Номыг А.Наранбаатар гэдэг хүн эмхэтгэжээ. Утас нь 99962881 бололтой.

Г.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ