1072 хувьцаа шийдэгдэж эхэллээ

1072 хувьцааг худалдаж, худалдан авч байна гэсэн шуугиан хэсэг үргэлжилсээр саяхнаас намжмал байдалд ороод байлаа. Харин өчигдрөөс уг асуудал дахин сөхөгдөж, олон нийтэд таатай мэдээлэл хүрлээ. Тодруулбал, УИХ-ын 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Д.Дэмбэрэл даргын гарын үсэгтэй 57-р тогтоолын есдүгээр зүйлд “Эрдэнэс ТТ” ХК-ийн хувьцааг олон улсын зах зээл дээр нээлттэй арилжаалж эхлэх хүртэл иргэдийн эзэмшиж байгаа хувьцааг зөвхөн Засгийн газар нэрлэсэн үнээр худалдаж авна гэжээ. Үүнийг Засгийн газар “Сайн хувьцаа” хөтөлбөр хэмээн нэрлэж, худалдан авах ажиллагааг эхлүүлж байгаа юм. Ингэхдээ 1072 хувьцааны 323-ыг нь авах бөгөөд өөрөөр хэлбэл, 30 хувьтай тэнцэх хэмжээг нь эргэлтэнд оруулах юм.

Хувьцаагаа худалдах эрх энэ сарын 13-наас нээгдэх гэж байна. Гэхдээ хувьцааны үнэ дараа жилүүдэд өссөн ч тухайн иргэн эргүүлээд хувьцаагаа анх өгсөн үнээрээ буцаагаад худалдаж авах боломжтой гэнэ. Засгийн газар иргэнээс хэзээ, хэчнээн хувьцааг авч, хэрхэн мөнгө олгосон бичлэг хадгалагдан үлдэх бөгөөд хожим нь тухайн иргэн уг бичлэгээрээ Хөрөнгийн биржээс хувьцаагаа буцаагаад худалдаж авч болох юм байна. Гагцхүү 322 ш-ээс дээш хувьцаатай иргэд хувьцаагаа худалдаж болно.

Хувьцаагаа зарах боломжтой 1.6 сая иргэн байгаа аж. Тэгвэл эдгээр хүмүүс бүгд хувьцаагаа заръя гэвэл 400-500 тэрбум орчим төгрөг болно. Гэхдээ иргэд бүгдээрээ зэрэг зарахгүй байх гэдэгт найдаж байгаа боловч хямрал ярьж байгаа энэ үед, ялангуяа сүүлийн хэдэн сар Урт цагаан, Эмээлтэд өрнөсөн үйл явдлаас харвал бүх иргэн худалдахгүй гэх баталгаа ч бас байхгүй юм. Ер нь хувьцааны үнэ цэнэ цаг хугацаатай салшгүй холбоотой. Өнөөдрийн хэрэгцээнээс гадна ирээдүйн ашгаа ч мөн тооцолох нь зүйтэй. Нэг компанийн хувьцаануудыг цөөн хэдхэн гарт төвлөрүүлснээр тухайн хувьцаа эзэмшигч тус компанид шийдвэр гаргах хүртэл эрх мэдлийг хуримтлуулах боломжтой болдог тул иргэн Танд ч ийм боломжийг эдлэх эрхтэй.

Ингээд 300 хувьцааны хувь заяа шийдэгдлээ гэхэд үлдэж буй 70 хувийг яах вэ гэсэн асуулт бас байна. Тэгвэл энэ нь дараагийн хоёр дахь шатны арилжаа болох урагшаа, зүүн тийшээ явсан төмөр замыг барих, нүүрсний зах зээлийн үнэ буурах зэрэг олон үйл явдлаас хамаарах асуудал болон үлдэж байгаа юм. Цаашид чөлөөтэй хувирах боломжийг ч төрөөс хангаж өгөх тухай тайлбар байна. Өөрөөр хэлбэл, 1 сая төгрөгийн нэрлэсэн үнэтэй 1072 хувьцааны эхний ээлжинд 30 хувьтай тэнцэх хувьцааг 300, 426 төгрөгөөр иргэдээс холбогдох журмын дагуу шууд худалдан авч, цаашид 70 хувьтай тэнцэх хувьцааг Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан худалдан авах зохицуулалтыг Засгийн газар хийж байгаа аж. Монгол Улсын Хөрөнгийн Бирж дээр 70 хувьтай тэнцэх хувьцаа нээлттэй арилжаалагдсан, зах зээлийн нөхцөл байдал сайжирсан үед хувьцаагаа худалдсан иргэнд анх худалдсан үнээрээ буцаан худалдан авах эрхтэй байхаар зохицуулалт хийсэн байна.

Урьд нь хувьцаагаа зарсан хүмүүс хамрагдахгүй байхаар зохицуулагджээ. Мөн энэ хувьцаанд насанд хүрсэн иргэдийг хамруулахаар шийдвэрлээд буй. 18 нас хүрээгүй иргэд төрөөс өгсөн хувьцаагаа насанд хүрсэн хойноо өөрсдөө захиран зарцуулах эрхийг өгөх нь зүйтэй гэж үзжээ. Тиймээс даваа гарагаас иргэдийн хүсэлтийг хүлээн авахад 18 нас хүрсэн иргэн хамрагдах боломжтой.

“Эрдэнэс Таван Толгой” ХК нийт 15 тэрбум ширхэг хувьцаатай бөгөөд үлдсэн 80 хувийг Монгол Улсын Засгийн газар, ААН-үүд эзэмшиж, биржид арилжаалахаар төлөвлөсөн юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ