Нийслэлд хаягласан албан бичиг бүрийг нэг цэгт хүлээн авдаг болно
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн 2016 оны 6 дугаар сарын 09-нд болсон ээлжит хуралдаанаар “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага албан тушаалтанд хандсан албан бичгийг шийдвэрлэх журам”-ын төслийг хэлэлцлэв. Журмын төслийг Нийслэлийн ЗДТГ-ын Нутгийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцууллаа.
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад ирж байгаа албан бичгийг хяналтын нэг тогтолцоонд шилжүүлснээр ажлын уялдаа холбоо, бүтээмж, үр дүн, гүйцэтгэл эрс сайжирна. Бүх албан хаагчид нэгдсэн нэг систем ашиглан албан бичигт хариу өгөх тайлбар хийх боломжтой болж, нэгдсэн бүртгэл дээр хянагдах юм.
Нийслэлийн удирдлагууд журмын төслийн танилцуулгыг сонсоод асуулт асууж, саналаа хэлэв.
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-үүл “Нийслэлд ирж байгаа бүх албан бичиг нэг газар төвлөрч байх ёстой. Төрхэнд ч тэгш үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй. Тиймээс иргэдийн албан бичгийг нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр дамжуулаад авчихдаг мөртлөө албан байгууллага, төрийн байгууллагаас ирж байгаа бичгийг Засаг даргын Тамгын газар, эсвэл аль нэг агентлаг дээр дарга нь өөрөө хүлээж аваад шийдвэрлэдэг байх нь төрийн тэгш байх зарчмыг алдагдуулна. Тиймээс хэн ч байсан, хаанаас ч ирсэн хамаагүй бүх албан бичиг, өргөдөл хүсэлт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр дамжиж хянагдсан, бүтгэгдсэн байх ёстой. Тэгэж байж бид тэгш хүртээмжтэй үйлчилгээг үзүүлж чадна. Тиймээс энэ журамд заавал энэ зохицуулалтыг маш нарийн тусгаж шийдвэрлэх ёстой” гэв. Нийслэлийн удирдлагууд, нутгийн захиргааны байгууллагуудад ирж байгаа албан бичгийг төрлөөр нь ялгаж, нэг цэгийн үйлчилгээгээр нэрлэсэн албан бичгийг хүлээж авч шийдвэрүүлнэ гэсэн байдлаар журамд тусгавал илүү үр дүнтэй болно гэсэн саналыг хэллээ.Хуралдаанаас, энэхүү журмын төсөлд нийслэлийнудирдлагын зөвлөлийн гишүүдийн саналыг тусган дахин боловсруулах үүргийг өглөө гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ