Утасны нэгжийн зээлийн шимтгэлийг авах ёстой юуюу

Монголд үйл ажиллагаа явуулдаг үүрэн холбооны оператор компаниуд нэгжийн зээлийн үйлчилгээ үзүүлдэг. Ингэхдээ зээлсэн нэгжийн хэмжээний 10 хувийг суутган авдаг билээ.
Иргэдийн хувьд яаралтай тохиолдолд энэхүү үйлчилгээ нь хэрэгцээг хангадаг ч хуулийн хүрээнд хэр нийцтэй үйлчилгээ вэ гэдгийг тэр бүр анзаарах хүн ховор. Яг энэ асуудлыг хуульч, өмгөөлөгч Г.Батбаяр сөхөн гаргаж тавьжээ.
Тэрээр "Энэ харилцаа нь эрх зүйн хувьд зээлийн гэрээ юм. Зээлийн гэрээтэй холбоотой харилцааг Иргэний хуульд зохицуулж өгсөн байдаг.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1..Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно. 282.3.Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.” гэж тус тус зохицуулсан заалт байна. Эдгээр үүрэн телефоны компаниуд нь нэгжийн зээл олгохдоо иргэн бүртэй бичгээр гэрээ байгуулаагүй учраас хуулийн дагуу хүү авах эрхгүй гэсэн үг. Гэтэл хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр, бичгээр тохиролцоогүй байж хүү авч байгаа нь Иргэний хуульд заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжиж буй асуудал юм." гэв.
Ийнхүү тэрээр үүрэн холбооны дөрвөн оператор компанид өргөдөл гаргасан боловч Скайтелаас бусад нь ямар нэгэн хариу ирүүлээгүй аж. Тиймээс өргөдөл өгснөөс хойш нэг сарын хугацаа өнгөрвөл хуулийн байгууллагад хандах юм байна.
Хувийн байгууллага, аж ахуйн нэгжүүд дотоод дүрэм журмаа байгууллагынхаа онцлогт нийцүүлэн тогтоон баталсан байдаг. Энэ дагуу байгууллагынхаа журмаар дээрх үйлчилгээг үзүүлдэг байж магад. Гэхдээ хуулиас дээгүүр үйлчлилдэг журам гэж байх учиргүй билээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ