С.Очирбат: "Сайн хашаа" төслийн зээл гар дээр олгогдох зээл биш

Нийслэлийн орлогч дарга С.Очирбатаас зарим зүйлийг тодруулав.

-Сайн хашаа төслийн зээлийг иргэд гар дээрээ авч болох мэтээр яриа гарч байна?

-Тийм буруу ойлголт тарсан байж магадгүй. Энэ зээл гар дээр олгогдох зээл биш. Мэргэжлийн байгууллага тухайн өрхийн инженерийн байгууламжийг хийгээд гүйцэтгэлээр олгогдоно. Гэхдээ гүйцэтгэгч байгууллагад олгоно.

-Тодорхой санал болгосон тоног төрөөхөмж, матераилыг тус зээлд хамрагдсан иргэн авах ёстой юу?

-Ерөнхий төлөвлөгөөний дагуу батлуулсан зураг төсөвтэй, тодорхой стандартад нийцсэн байх шаардлага тавьж байгаа. Түүнээс аль нэг компани, тоног төхөөрөмж зээлийг дагаж, санал болгохгүй.

-Дулааны шугамнаас хол байршилтай өрхүүд арван сая төгрөгөөр дэд бүтцийн асуудлыг шийдэж чадах уу?

-Өрхүүд нэгдэж асуудлаа шийдэх нь ашигтай тусна. Тооцоогоор олуулаа нийлж дэд бүтцээ шийдэх тусам нэг өрх арван сая төгрөгнөөс бага зээлээр асуудлаа шийдэх боломжтой. Олуулаа нийлээд нэг өрхийн зардал буураад зургаан сая болбол үлдсэн дөрвөн сая төгрөгөө байр, байшингаа дулаалах, цонх хаалгаа сайжруулахад зарцуулна болно шүү дээ.

-Зээлээс хөнгөлөх тухай яриа бий юу?

-Энэ зээл таван жилийн хугацаатай. Эхний хоёр жил үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөнө.

-Хашааны газар дэд бүтэцтэй учраас үнэ өсөх байх даа.

-Таны хөрөнгийн үнэ өсөх сайн хэрэг биз дээ. Дээр нь энэ төсөл хэрэгжсэнээр утаа, хөрсний бохирдол буурна. Бас нэг давуу тал бол дэд бүтэцтэй хашаандаа байшин баривал ипотекийн таван хувийн хүүтэй зээлд хамрагдана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ