Сонгуулийн сурталчилгаанд хориглох зүйлс

Сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс эхэлж байгаатай холбогдуулан сонгогчдод мэдээлэл өгөх зорилгоор сурталчилгаанд хориглох зүйлсийг товч хүргэж байна. Хэрэв хууль бус сурталчилгаа хийсэн тохиолдолд сонгогчид бэлэн мөнгө, эд зүйл тараасныг баримтжуулж цагдаагийн байгууллагад мэдэгдэж болно.

Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

Үүнд:

-Мөнгө, эд зүйл тараах;

-Бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах;

-Аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх;

-Нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх;

-Сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амраах, сувилуулах;

-Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах;

-Ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийх;

-Хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах.

-Аливаа этгээд санал авах өдөр хүртэлх долоо хоногийн хугацаанд нам, нэр дэвшигчдийн талаар санал асуулга явуулах, энэ төрлийн мэдээллийг бүх төрлийн мэдээллийн хэрэгсэл ашиглан нийтлэх, тараахыг хориглоно.

-Сонгуулийн штаб, түүний ажилтан, менежер, шадар туслагч, ухуулагчаас бусад этгээд сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно.

-Сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй аливаа зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар амлалт авах, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашиглах;

-23.00 цагаас дараа өдрийн 07.00 цаг хүртэлх хугацаанд чанга яригч ашиглах;

-Сонгуульд оролцохоос татгалзах, сонгуулийн болон бусад хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах;

-Аливаа шашны зан үйл ашиглах, түүнийг зохион байгуулах, оролцох, ивээн тэтгэх, шашны холбогдолтой эд зүйл тараах;

-Сонгогчийн санал татах зорилгоор сонгогчид эдийн болон эдийн бус давуу байдал олгох, олгохоор амлах;

-Сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэг, материалд шашны холбогдолтой аливаа дуу, зураг хэвлэх, нийтлэх, нэвтрүүлэх;

-Сонгуулийн сурталчилгаанд улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч аливаа хэлбэрээр оролцох;

-Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, хүмүүнлэгийн, буяны болон шашны байгууллага, санал авах байр болон сонгуулийн байгууллагын ажиллах байранд сонгуулийн сурталчилгаа явуулах;

-Эх сурвалжийг дурдаагүй сонгуулийн сурталчилгааны материалыг хэвлүүлэх, тараах, нийтлэх, нэвтрүүлэх.

-Сонгуулийн сурталчилгааны зурагт самбар, зурагт хуудас болон бусад сурталчилгааны материалыг санаатайгаар устгах, бохирдуулахыг хориглоно.

-Сонгуулийн сурталчилгааны явцад бусдыг гүтгэх, доромжлох, гутаах, хуурамч мэдээ, мэдээллийг төрөл бүрийн хэлбэрээр тараах;

-Сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээдэд хариуцлага хүлээлгэхийн тулд тэдгээрийн нэрийн өмнөөс хууль бус сурталчилгаа хийхийг хориглоно.

-Сонгуулийн хороонд бүртгүүлж, таних тэмдэг аваагүй тээврийн хэрэгслийг сонгуулийн сурталчилгаанд ашиглах, түүнчлэн сонгуулийн сурталчилгааны ухуулах хуудас, зурагт хуудас болон уриа байрлуулахыг хориглоно.

онгогчдын санал худалдан авахад чиглэсэн бусад аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулах;

Дээрх хууль бус сурталчилгааг ашигласан хүн бүрд хуулийн хариуцлага хүлээлгэх ба тухайн үйлдэл нь шүүхээр тогтоогдвол тухайн зөрчлийг мэдээлсэн иргэнд сонгуулийн төв байгууллага тараасан бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх юм.

Харин СЕХ-ноос сонгуульд нэр дэвшигчдэд зориулсан арга зүйн зөвлөгөөг гаргажээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ