К-9 сургалт

Нью-Йорк хотын хойд хэсэгт орших цэлгэр том кэмпуст 3 настай Жонни гэх герман шеферд үйлчилгээнд явахаа больсон галт тэргэн дотроос нуусан тэсрэгч бодисыг олохоор зорчигчдын суудал болон ачаан дундуур улайран шиншилж буй нь энэ юм.

Жонни барилга байшин дэлбэлэхэд өргөн ашиглагддаг С-4-ийг хар цүнхнээс үнэрлэж олмогц тэр дороо хөшөө мэт хөдөлгөөнгүй суух нь хотын тээврийн удирдах газрын ажилтан сургагч Кэвин Пимпинэллид дохио өгөн ирж илрүүлэхийг нь хүлээж байгаа байдал аж. Хариуд нь Пимпинэлли түүнийг дуртай амттанаар нь шагнадаг уламжлалтай.

“Жинхэнэ ажиллагааны үеэр Жонни дэлбэлэгчийг галт тэргэнд орохоос нь өмнө олж чадна, бидний ажил бол төхөөрөмжийг дотор орохоос сэргийлэх явдал.” гэж Пимпинэлли хэлсэн юм.

Жонни бол Нью-Йоркоос хойш 113 км-ийн зайд Стормвиллд орших 72 акр сургалтын талбайд 13 сая долларын өртгөөр бэлтгэж буй тээврийн удирдах газрын 50 нохдын нэг билээ.

Тээврийн удирдах газар нь Нью-Йорк, Нью Жерси болон Коннектикут мужуудын метро, автобус, галт тэргэнүүдэд ажиллагаагаа явуулдаг бөгөөд агентлагийн вебсайтын мэдээлснээр жил бүр 2.7 тэрбум аялалын аюулгүй байдлыг ханган ажилладаг байна.

Америктаа л хамгийн томд тооцогдох нохой сургалтын тус төв нь бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлж байгаа бөгөөд америк цагдаа нарын сонгодог арга барилаар нохойг сургах юм.

Брюсселийн 32 хүний амийг авч одсон галт тэрэгний өртөө, нисэх онгоцны буудлын халдлага болон бусад саяхны халдлагуудын үр дүнд нэгдсэн улсын цагдаагийн газрууд томоохон олон нийтийн газруудын аюулгүй байдлыг хангах гол арга зам бол өндөр түвшинд бэлтгэгдсэн ноход гэж үзэж байна.

Эдгээр нохдын гоц үнэрлэх чадвар нь хүнийх байтугай дэлбэрэх төхөөрөмж илрүүлэгч машиныхаас ч хол илүү чадварлаг аж.

“Өдөр бүр аюул өсөх тусам энэ төвийн ач холбогдол нэмэгдэж байна” гэж нохой-цагдаа бэлтгэх ажиллагааны төлвийг тооцон харж буй ТУГ-ын дэслэгч Жон Кервик мэдэгдсэн юм.

Нохдыг маш няхуур сонгодог бөгөөд үржүүлэгчийн нүдэнд өртсөн 30 нохдын нэг нь л нохой цагдаан хүчинд элсэх эрхтэй болдог. Нохдууд ихэвчлэн Жонни, Бэльги Малиноис 2 шиг гермэн шеферд байдаг.

“Тэдгээр сонгогдсон цөөхөн хэдэн ноход мансууруулах бодис, дэлбэрэх төхөөрөмж илрүүлэхэд суралцдаг” хэмээн америкийн Цагдаа Нохойн Ассосиацийн (USPCA) тэргүүн Дэвид Ферлэнд дурдсан юм.

ТУГ-ын нохой сургалтын төв нь сургалтын танхимууд болон автобусны буудлуудтайн дээр 26 нохойн үүр, малын эмнэлгээс бүрдэнэ. Гадна талдаа 9 автобус, цөөрөм, ашиглагдахаа больсон метроны зам дээрх вагонууд гээд сургалтын хэрэгслүүдээр бүрэн тоноглогдсон.

Хэдийгээр цагдаагийн хүчинд үйлчилж буй нохдын тоог албан ёсоор бүртгэсэн тоо баримт байхгүй ч Цагдаа Нохойн Ассосиацийн (USPCA) тооцоолсноор 10,000 орчим байдаг аж.

“2001 оны 9 сарын 11-ны Нью-Йорк, Вашингтоны халдлагаас хойш бэлтгэгдсэн цагдаа нохойн хэрэгцээ мэдэгдэхүйц өссөн нь ийм төрлийн аюул гамшигтай тэмцэх зайлшгүй шаардлага тулгарч буйн гэрч юм” гэж Ферлэнд мөн мэдэгдсэн түүнчлэн “9 сарын 11-ны халдлагаас өмнө гарын хуруунд багтах хэмжээний хэдхэн сургалтын төв байдаг байсан бол одоо томд тооцогдох хот бүрт ийм төв байдаг болсон байна” хэмээжээ.

Стормвиллд орших тус төв нь нохойг сургаж дадлагажуулахад зориулсан 12 долоо хоногийн анхан шатны курсыг явуулах төдийгүй төгссөний дараа сэргээн сануулах зорилгоор сар бүр давтан сургалтанд хамруулдаг байна.

Ноход ажлын талбар дээр тулгарч болох өндрөөс харайх, чанга дуу чимээнд анхаарал алдахгүй байх, утааг соргогоор мэдрэх, хөдөлж буй машин тэрэгнээс үсрэх суух гэх мэтчилэн дадлуудыг олж авах юм.

Ихэвчлэн тэд 10 насандаа тэтгэвэрт гардаг бөгөөд сургагчдынхаа гэрт тэжээмэл амьтнаар очдог байна.

“Тэд гэр бүл минь л гэсэн үг” хэмээн шеферд-малиноисийн эрлийз 3 настай Докын хамт сургуулилтаа дуусгаад явж буй оффицер Кейт Флүүд хэлсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ