Г.Дэнзэнг ажлаас нь чөлөөл гэж төрийн тэргүүн хүртэл дуугарав

Монгол улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуультай зэрэгцэн улс төрийн тогоонд ч халуухан үйл явдал өрнөж байна. Засгийн газрыг тойрсон элдэв олон асуудлуудын манлайд цоллуулах нэгэн асуудал бол ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар хэдхэн хоногийн өмнө сонгогдсон Г.Дэнзэнгийн явдал байлаа. Г.Дэнзэнгийн явдал дан ганц Засгийн газартаа ч нөлөөлөөд зогсохгүй Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаанд саад болох төлөвтэй харагдана.

Гэнэн багаасаа Н.Алтанхуягийн хажуу бөөрөнд наалдсан гэгдэх тэрбээр өнгөрөгч Даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ хадам ахыгаа бараг танихгүй мэт ярьж, эцэст нь өөрийгөө баахан хамгаалж, худалч хүний нээрээ олон гээчийн үлгэрийг өнгөтөөр ярилаа. Өнгөтөөр ярих ярихдаа өөртөө хир халдаалгүй өндөг мэтээр сэтгүүлчдийн асуултнаас бултаж чадсан.

Таван Толгойн нүүрс тээвэрлэх тендерт эхнэрийнхээ компанийг ялуулсан гэгдэх мэдээлэл олон нийтэд дэлгэгдсэнээс хойш тэрбээр ганц үг ган хийлгүй ирсэн бөгөөд өчигдөр гэнэт ухаан орсон мэт Ардын намынхан намайг улайм цайм, баримт нотолгоогүй гүтгэсэн гэж мэлзлээ. Тэрбээр“Надтай холбоотой гэгдэх 17 тэрбум төгрөгийн тендерийн яриа, асуудал надад огтоос хамаагүй. Би “Говь Повер” компаниийн тухай ч мэдэхгүй, огтхон ч дуулаагүй гэж ярьсан. Гэтэл түүний хэлсэн ярьсантай амьдрал дээрх бодит байдал огт өөр юм гэдгийг сэтгүүлчид гайхаж, хар багаасаа хаана ингэж худлаа ярихыг сурсан нөхөр вэ гэж өөр хоорондоо ярьцгааж явсан.

Г.Дэнзэн өөрийгөө шалгуулдаг газарт нь шалгуулна гэж хэлсэн нь түүний өөрийнх шийдвэр биш гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэвлэлд өгсөн ярилцлагдаа дурьдав. Түүнийг иргэдтэй уулзах бүрт Засгийн Газрыг тойрсон үйл явдлуудын талаар болон сүүлийн үеийн хэвлэлийн баатар болоод буй Г.Дэнзэн, С.Баярцогт нарын тухай иргэд ам асууж байгаа гэнэ.

Энэ талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Төрд ажиллахаар орсон хүн бол би таны зовлонг авъя, би таны өмнөөс асуудал шийдье гэж хүний зовлонтой асуудлыг шийддэг. Түүнээс биш орж ирж байгаа тендер ч юм уу, төсвийн боломж, ард түмний хөрөнгөн дээр янз бүрийн үйл ажиллагаа явуулах ажил биш шүү дээ. Би Ерөнхий сайдад хэлсэн. Ер нь энэ Г.Дэнзэн гэдэг хүнээ ажлаас нь өөрчил, тэгээд шалгуул гэсэн. Би ийм л байр суурьтай байгаа” гэв. Төрийн тэргүүний хувьд тэрээр аль нэг талыг барихгүйн жишгийг харуулж ийнхүү байр сууриа илэрхийлсэн. Тэрээр Г.Дэнзэнг ажлаас нь чөлөөлүүлэх хүсэлтэй байгаагаа ч нуусангүй.

Харин УИХ-ын дэд даргын суудлаасаа өөрийн хүсэлтээр огцорсон УИХ-ын гишүүн С.Баярцогтын тухайд мөн л ижилхэн байр суурьтай байгаа аж.Тэрбээр“Хүмүүс ер нь шалгуулах хэрэгтэй, түдгэлзэх хэрэгтэй гэсэн асуудал тавиад байгаа. Би олон түмний шаардлагыг зөв гэж бодож байгаа. Би С.Баярцогт гишүүнтэй уулзаад УИХ-ын гишүүнээсээ түдгэлз, энэ асуудлаа шалгуул гэсэн ийм л асуудлыг хэлсэн. Би ингэж л хэлнэ. Гишүүний хувьд өөрөө асуудлаа УИХ-д тавих ёстой хэрэг” хэмээсэн.

Нөхөр Г.Дэнзэн эрийнхээ сайнд хуулийн байгууллагад шалгуулах гэж байгаа мэтээр ярьж явна. Үнэн хэрэгтээ Ерөнхийлөгчөөс үг сонсож байж хуулийн өмнө очих болсон нь түүнийг хэр зоригтой эр хүн болохыг харуулж буй мэт. Үнэхээр Г.Дэнзэнг МАН-ын гишүүд гүтгэсэн бол тэд хариуцлагаа хүлээх хэрэгтэй. Харин тэрбээр хууль зөрчсөн бол үнэнээ хүлээж, өөрийнхөө хүсэлтээр ажлаа өгөх нь зөв болов уу. Эцэст нь хэлэхэд Г.Дэнзэнгийн үнэн худлыг хуулийнхан шалгана биз.

А.ТЭМҮР

СЭТГЭГДЭЛ БИЧИХ