Л.Эрдэнэчимэг муу, Х.Бат-Ялалт “бүр” муу байна

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн бичлэг шуугиан тарьлаа. Энэ талаар иргэд янз бүрээр байр сууриа илэрхийлж, олон талын дүгнэлт өгч байна.

Улс төрийн хувьд ёс зүйн асуудлыг хөндөж байгаа ч нөгөө талаас уг мэдээллийг цацсан “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт нарыг ч шүүмжлэх иргэд олон байна. Тэд УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй Л.Эрдэнэчимэгийн согтуу бичлэгийг олон нийтэд цацаж, улмаар хэвлэлийн хурал хүртэл хийгээд амжив. Ингэхдээ тухайн бичлэгийг цацахгүй хэмээн авсан 50 сая төгрөгийг хүртэл мэдээлэл хийхдээ дэлгэн тавьжээ.

Л.Эрдэнэчимэг гишүүний хувьд тамхины хуулиа нэлээд дуулиантайгаар батлуулсан боловч өөрөө ийм болчимгүй алдаа гаргасан бол муу үйлдэл болно.

Тэгвэл монголчууд бид эртнээс эр хүнийг жудгаар нь үнэлж, хүндэтгэж ирсэн. Гэтэл эдгээр эрхмүүдийн жудаг хаачив? Яалт ч үгүй энэ асуудалд нэр дэвшигчийн ёс зүйг хөндөж магадгүй боловч үүний эсрэг ийм увайгүй үйлдэл хийсэн нь хүн чанарын хувьд бүр ч муу үнэлгээ авч байна.

Нэгэнтээ нэхсэн 50 сая төгрөгийг авсан юм бол эмэгтэй хүнийг ингэж олон нийтийн өмнө улалзуулахын цаад учир юу байв? Сошиалаар сэтгэгдлүүд цуварч байна. “Эрчүүд байж арай том, илүү ёс бус, гарз хохиролтой асуудал хөндөөч дээ.“ гэх жишээтэй.

Өрсөлдөгчөөс нь илүү мөнгө авсан байж магадгүй гэсэн хардлага ч энд явж байна. Үнэхээр олон нийтэд цацах байсан бол мөнгө авч байх шаардлага байв уу гэх эгдүүцлүүд цахим орчинд хөвөрсөөр.

Уг бичлэгийг УИХ-ын гишүүн Г.Уянга хийсэн хэмээн иргэд ярьж байгаа. Түүнийг ч бас олон нийт дуугүй орхисонгүй, шүүмжилж байна.

Энэ бүхний талаар сэтгүүлчид Л.Эрдэнэчимэг гишүүнээс тодруулахад тэрээр Х.Бат-Ялалтад хандан“Чи надаас сонгуулийн сурталчилгаанд мөнгө хэрэгтэй байна гээд мөнгө зээлсэн биз дээ. Сонгуулийн дараа буцааж өгөөрэй гээд би шилжүүлсэн. Тэрийгээ хэлээч. Х.Бат-Ялалт реалити шоу хийх гэж байгаа юм шиг.Ямар бичлэг тавьсныг би одоохондоо үзээгүй байна. Үнэн бичлэг үү, хуурамч бичлэг юм уу гэдгийг үзнэ.” гэв. Харин үүнд Бат-Ялалт “Тэр яахав, та мөнгөө буцааж ав л даа гэснээс өөр хариулт хэлсэнгүй.

Ийнхүү өнөөдрийн гол хөндүүр сэдэв УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн эргэн тойронд өрнөлөө.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ