П.Цагааныг Улаан-Уул сумынхан сүүтэй угтлаа

УИХ-ын 37-р тойрогт нэр дэвшигч Пунцагийн Цагааны Улаан-Уул суманд хийх уулзалт Тоомойн багаас эхэллээ. Тоомойн багийн иргэд нэр дэвшигчид хүндэтгэл үзүүлэхээр өглөө эртлэн босч бага үдийн нартай уралдан Эмтийн голын эрэгт угтан авсан байна. Тоомойн багийн оршин суугчдын дийлэнх нь Дархад ястанууд. Нэр дэвшигчийн сонгогчтой хийх уулзалтын үеэр Дархадын ёс заншил, өв уламжлалыг хамгаалах чиглэлээр санал солилцжээ. Мөн түүний санаачлан хийсэн “Монгол хэлний их тайлбар толь”-нд Дархад зоны хэрэглэдэг нутгийн аялгууны үгийг нэмж, баяжуулахаа мэдэгдсэн байна.
Харин нэр дэвшигч уулзалтын үеэр Өлийн даваа, Тоомойн давааны замыг сайжруулах, тоомойн бригадыг төвийн эрчим хүчтэй холбох зэрэг шийдэх ёстой олон асуудал байгааг анзаарч харсанаа хэллээ.
Үүний дараа нэр дэвшигч Улаан-Уул сумын төвд очлоо. Түүнийг суманд ирэхэд сонгуульд ялалт байгуулж, их бүтээн байгуулалт хийх зам мөр нь шулуун дардан байхыг ерөөж 300 ээж сүүн цацал өргөн угтаж авсан байна.
Дархад зон яруу найраг шүлэгт дуртай ард түмэн. Энэ зангаараа нэр дэвшигч Пунцагийг Цагаанд хүндэтгэл үзүүлэн шүлэг зохиосоноо түүнд уншиж өглөө.
Нутгаа гэсэн сэтгэлээр зориод ирэв үү та
Нугын алаг цэцэгсээ санаад ирэв үү та
Итгэл сэтгэл хоёроо өвөрлөөд ирэв үү та
Ээлээ бидэнд өгөхөөр зориод ирэв үү та
Нутгаа гэсэн сэтгэл зөвхөн таньд бий
Нутагтаа хийх гэсэн бүтээл зөвхөн таньд бий
Цэнхэр хотгор нутагтаа дүүлээд ирэв үү та
Цэнгэг гүний голоо санаад ирэв үү та
Очих газар энэд гээд онцлоод ирэв үү та
Одоо бид таньдаа итгэлээ өгөх болно.
Нутгаа гэсэн сэтгэл зөвхөн таньд бий
Нутагтаа хийх гэсэн бүтээл зөвхөн таньд бий хэмээн шүлэглэжээ.
Улаан-Уул сумын 30 гаруй залуу Ардчилсан намд элсэх хүсэлтээ ирүүлжээ. Тэдний төлөөлөл болсон залууст УИХ-ын сонгуулийн 37-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Пунцагийн Цагаан намын батлах гардуулан өгч, улс орондоо ихийг хийж бүтээхийг хүслээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ