Баянзүрхчүүд шинэ сургуулийнхаа шавыг тавив

Нийслэлд бүтээн байгуулалт ид өрнөж буй өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд сургууль, цэцэрлэг олноороо баригдаж иргэд түмний олон жилийн хүлээлтийг мэдэгдэхүйц дундалж байгаа билээ. Хамгийн сүүлд л гэхэд, Баянзүрх дүүргийн “Хо Ши Мин”-ийн нэрэмжит 14-р бүрэн дунд сургуулийн шинэ барилгын ажил эхэллээ. Тус сургуулийн одоогийн барилгын чанар муудсан учир үйл ажиллагаа явуулж болохгүй тухай Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын акт гарснаар тус сургууль шинэ байртай болох шаардлага гарсан. Гэвч батлагдсан төсөв мөнгө нь хүрэлцэхээргүй байснаас үүдэн ажил нь хүлээгдээд байжээ. Тэгвэл УИХ-ын Ж.Батзандан Баянзүрхчүүдэд том хүлээлт үүсгэсэн энэ асуудалд онцгой анхаарал тавин 14-р сургуулийн шинэ барилгад хүрэлцэхүйц хэмжээний төсвийг шийдүүлсэний үр дүнд сургуулийн удирдлага шинэ байрныхаа шав тавих ёслолыг өнөөдөр ийнхүү зохион байгууллаа.

Уулзалтад УИХ-ын гишүүн Ж.Батзандан, сургуулийн захирал В.Цэцэгээ, барилгын ажлыг гүйцэтгэгч “Цамхаг констракшн” ХХК-ийн захирал Ц.Одгэрэл нар хүрэлцэн ирэв.

Ж.Батзандан гишүүн хэлэхдээ, мянга гаруй хүүхдийн эрх ашиг хөндөгдөж буй энэ асуудлыг нэн даруй шийдвэрлэхийн тулд Засгийн газарт албан бичиг хүргүүлсний үр дүнд сургууль маань баригдах гэж байгаад баяртай байна. Цамхаг констракшн урд нь Амгалан төрөхийн барилгын ажлыг гүйцэтгэсэн туршлагатай. Тухайн үед мөн лтөсвийн асуудлаар төрөхийн барилгын ажил зогссон байсныг бид хамтраад асуудлаа шийдвэрлэж байсан. Өнөөдөр сургуулийн маань барилгын шавыг тавьж байгаа нь олон мянган эцэг эхчүүд хүүхдүүдийг баярлуулсан үйл явдал тохиож байна.Бид асуудалдаа хамтраад зүтгэвэл болохгүй зүйл байхгүй гэдгийг харуулсан сайхан үйл явдал болж байна.

“Цамхаг констракшн” ХХК-ийн захирал Ц.Одгэрэл барилгыг 2017 оны 8-р сарын 1-нд хүлээлгэж өгөхөө мэдээлсэн бол сургуулийн захирал В.Цэцэгээ “Үр хүүхдүүд нь тав тухтай, аюулгүй орчинд суралцах боломжтой болсонд 13-р хорооны иргэд баяртай байгаа” тухай уламжиллаа. Тус арга хэмжээнд оролцохоор олон олон эцэг эхчүүд ирж, сургуулийн барилгын ажил эхэлсэнд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн, УИХ-ын гишүүн Ж.Батзандантай аминчлан уулзаж талархлын үгээ уламжласны зэрэгцээ “Шударга үнэний дуу хоолой болж яваа их үйлст тань амжилт хүсье” хэмээн амжилт хүслээ.

Тус сургуулийн барилгын ажилд анх 5 сая 800 мянган төгрөг төсөвлөгдсөн байна. Гэтэл барилгыг буулгах, нүүлгэн шилжүүлэх ажил зэрэг бусад шалтгаануудын улмаас энэ мөнгийг хоёр дахин нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байснаас үүдэн шинэ байрны төсөл зогсоход хүрээд байсан. Энэ асуудлыг даруй шийдвэрлэхийн тулд УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан холбогдох албаны хүмүүст чиглэл өгч, Засгийн газарт албан бичиг хүргүүлсний үр дүнд энэхүү асуудал нааштайгаар шийдэгдэж, 10.7 тэрбум төгрөгийн төсөв энэ оны 5-р сарын сүүлээр батлагдсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ