Балба улсын тухай сонирхолтой баримтууд

Уулархаг нутгийн жижигхэн орон – Балба хоёр аварга том улс – Хятад, Энэтхэгийн хооронд оршино. Гэвч энэ улс аварга том хөршүүдээс дутуугүй сонирхол татдаг юм. 8000 гаруй метр өндөр дэлхийн 14 оргилын 8 нь Балбын нутагт байдаг.

Энэ орон дэлхийн ууланд авирагчдын сонирхолыг гойд татдаг нь гайхалтай бишээ. Мачөпучар ууланд авирахыг л хориглодог, энэ нь ариун дагшин ууланд тооцогддог. Балбачуудын үздэгээр, энэ уулын оргилд Шива бурхан заларч, гансаар тамхи татаж байдаг гэнэ.

Уулын оргил дээгүүр нүүж явдаг үүлийг тэд энэ ганснаас гарч байгаа тамхины утаа хэмээн үздэг байна.
Энэ өндөр уулын орны нутгийн 40 хувь нь далайн түвшнээс дээш 3000 гаруй метрийн өндөрт байдаг. Тус оронд газар маш хомс байдаг хэдий ч, нутаг дэвсгэрийн 18 хувийг үндэсний парк, дархан цаазат газар болгожээ. Хөрш Энэтхэгийн нэг адил Балбад үхрийг ариун дагшин амьтанд тооцож, түүний махыг хүнсэнд хэрэглэдэггүй юм.
Энэ оронд хүн амын нэлээд хэсэг нь ерөөс цагаан хоолтон бөгөөд ишигний мах хамгийн сайн мах юм. Балбад ихэнх гудамж нь нэргүй учир, танд хэрэгтэй байшинг эрж олоход тун хэцүү байх болно. Усан цахилгаан станцад нь тус орны цахилгаан эрчим хүч гол үйлдвэрлэгч юм. Тиймээс, бороо бага ордог хуурай улиралд голуудын ус татарч, Балбад эрчим хүчний асуудал эхэлдэг байна. Цахилгаан хомсдолтой хэдий ч, тус оронд интернэт нь нэлээд жирийн үзэгдэл болсон юм.
Балбад хүний хүүхдийн толгойг илж болохгүй гэж үздэг. Энэ нь хүний биеийн ариун хэсэг гэж үздэг учир, эцэг, эх, лам нар л хүүхдийн толгойд хүрч болдог гэнэ. Балба, Гринвинчийн цагийн ялгаа сонин, энэ ялгаа 5 цаг 45 минут байдаг байна.

Катманду хотын Дурбарын талбай ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд бүртгэлтэй бөгөөд энд 20 гаруй сүм, ордон байдаг байна. Дашрамд дурдахад, балбачууд өөрсдөө нутгийн дурсгалт газрууддаа үнэгүй юмуу бэлгэдлийн төдий үнээр ордог аж. Харин гадаадын жуулчид овоохон мөнгө төлөхөд хүрдэг байна. Орчин үеийн хотжилт энэ оронд бага хөндөгдсөн бөгөөд Балбын хүн амын 14 хувь нь хот газарт суудаг. Энэ нь дэлхийн хамгийн бага үзүүлэлтийн нэг юм. Тун саяхан болтол Балба хаант улс байсан юм. Харин 2006 оноос энэ нь Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Улс болжээ.
Балбын эрчүүдийн нэлээд хэсэг нь ачаа зөөгч хийдэг. Энэ нь жуулчид, уулчдын хүнд ачааг зөөдөг хүмүүс. Балбачууд атаархам хүчтэй, тэсвэр хатуужилтай улс. Ачаа зөөгчийн дундаж цалин хөлс өдөрт 10 ам. доллар. Эндхийн хэмжүүрээр, энэ нь тун боломжийн мөнгө юм.

Тус орны нийслэл Катманду хотод “Rum Doodle” гэдэг нэг ер бусын баар бий. Манай гарагийн хамгийн өндөр оргил Эверестэд гарч, зохих сертификат үзүүлсэн хүн энд үнэгүй хооллож болдог байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ