Италийн Изео нуурын усан дээгүүр 800 мянган хүн "алхана"

Усан дээр алхаж болно гэвэл та итгэх үү? Кристо Жавачеф хэмээх уран бүтээлчийн Италийн Изео нууран дээрх ээлжит бүтээл усан дээгүүр алхах боломжийг олгож байна.

Милан болон Венец хотын дунд байдаг уг нууран дээр 3 км урттай, 16 м өргөнтэй хөвүүрийг хийжээ. Энэ хөвүүр нь Сульцано тосгоныг Монте Исола болон Сан Паоло арлыг холбодог. Хөвүүр дээгүүр явах нь яг усан орон дээр алхаж буй мэт сэтгэгдэл төрүүлэх аж. Уг бүтээлийг 220 мянган хуванцар шоог хооронд нь холбож 75 мянган метр квадрат шар даавуугаар бүрж бүтээсэн байна. Бүрсэн материалын өнгө нь нар мандах үеэр улбар, үд дунд алтлаг өнгөтэй харагддаг аж. “Хөвүүрийг хийх явцад 3 удаа далайн шуурга болсон ч бид бүтээлээ төлөвлөсөн цагтаа дуусгасан” хэмээн Кристо хэлсэн юм.

Кристо Жавачеф нь эхнэр Жейн Клодтойгоо хамтран бүтээл хийдэг байсан бөгөөд анх 70-аад оны үед энэхүү хөвдөг тавцангийн санааг гаргаж байжээ. Тэд хөвдөг тавцангаа Аргентины Рио де ла Плата болон Японы Токио Бэйд хийхээр төлөвлөж байсан ч зөвшөөрөл авч чадаагүй аж. Түүний эхнэр 2009 онд санаагаа хэрэгжүүлж амжилгүй нас эцэслэжээ.

Кристогийн бүтээлүүд хүрээлэн буй орчинтойгоо харилцаа хамаарал бүхий, амьд байдгаараа алдартай. “Энэ бол зураг, кино эсвэл телевиз биш. Энэ бол бодит байдал” хэмээн тэрбээр бүтээлээ тодорхойлжээ. Кристо энэ бүтээлээ хийхэд 13 сая евро зарцуулжээ.

Уг хөвүүрийг хийхэд Германы агаарын бөмбөлөг үйлдвэрлэгч “Гео Дие Люфтверкер” компани хамтран ажилласан байна. Тэд хуванцар шоонуудыг даавуугаар бүрэх, холбох ажлыг хийж гүйцэтгэжээ.

Хөвдөг тавцанг үзэхээр 800 мянга гаруй хүн ирэх хоёр долоо хоногт Изео нуурыг зорих юм байна. Кристо хүмүүсийг хүрэлцэн ирж жинхэнэ эрх чөлөөг мэдэрч цагийг зугаатай өнгөрүүлэхийг урьж байна.

Үргэлжлэлийг эндээс...

СЭТГЭГДЭЛ БИЧИХ