Ээж нь хүүгээ хүний наймаачдад өгч явуулжээ

Энэ сарын 3-нд буюу өнгөрсөн даваа гаригт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанчулуутын хогийн цэгээс есөн настай С гэгч хүүхэд алга болсон юм. Түүнийг ээжтэйгээ хог түүж байхад улсын дугаар тодорхойгүй цагаан өнгийн суудлын машинтай хоёр хүн “хурдан морь унах хүүхэд хайж байна” хэмээн авч явжээ. Удалгүй ээж нь цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар хүүг хайж эхэлсэн байна. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ. Гэвч цагдаагийн байгууллагаас хүүг хайж байгаа, дөнгөж шалгаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй. Тиймээс Улаанчулуутын хогийн цэгийг зорилоо.
Улаанчулуутын хогийн цэгт очиход хог түүж байгаа хүүхдүүд “хоёр хоногийн өмнө цагаан өнгийн верна машинтай эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ирээд хүүхдүүдийг дуудаад морь унах хүүхдүүд байна уу, хөдөө очиж мал маллуулж, мөнгө өгье гэж байсан” гэлээ. Гэвч хүүхдүүдийн ихэнх нь дургүйцсэн ба харин уг цэгт хог түүдэг Н.Сарантуяагийн хүү Б.Сармандах суун явсан байна.
Ингээд Н.Сарантуяагийн тухай тэнд хог түүдэг гэх хүмүүсээс тодруулахад “Н.Сарантуяа энд хог түүдэг Амраа гэгч залуутай “явалддаг”. Уг нь нөхөртэй гэхдээ нөхрөөсөө салчихсан. Долоон хүүхэдтэй эмэгтэй бий. Тэр л хүүгээ өгч явуулсан бололтой. Өчигдөр хүүгээ хайхаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс рүү явлаа гэж байсан” гэв.
Н.Сарантуяагийн хувьд долоон хүүхэдтэй 50 гаруй насны эмэгтэй аж. Нөхөр Н.Батбаатар нь Н.Сарантуяагийн дагавар охинтой сууж хоёр хүүхэдтэй болжээ.
Алга болсон хүү Б.Сармандах нь Н.Сарантуяагийн гуравдахь хүү юм байна. Тэрээр Баянхошууны сургуульд сурдаг бөгөөд Улаанчулуутын хогийн цэгт тэр бүр очоод байдаггүй аж. Харин алга болсон гэх тэр өдөр л ээж дээрээ ирсэн байжээ.
Иргэдийн өгч байгаа мэдээллээр Н.Сарантуяа нь “морь унуулна” гэх хүмүүст өөрөө хүүгээ өгч явуулсан байна. Гэвч сэжиг бүхий санагдсан тул ийнхүү цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, хүүгээ хайж эхэлжээ.
Мөн хүүгээ өгч явуулсандаа гэмшиж, тэр хавийн хүмүүст хүүгээ олчихсон гэх мэдээллийг өгсөн байна. Харин үүнийг цагдаагийн байгууллагын албаны эх сурвалж үгүйсгэсэн билээ. Хүү алга болсон хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ