Автомашины бүлэг хулгайчдыг шалгаж байна

Цагдаагийн ерөнхий газраас 2016 оны эхний хагас жилийн гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн хэмжээнд он гарсаар 119 тээврийн хэрэгслийн хулгайн хэрэг гарчээ. Сүүлийн үед машины хулгай нэмэгдэх хандлагатай байгааг албаныхан онцоллоо. Цагдаагийн байгууллагаас автомашин болон автомашины эд анги хулгайлдаг хэд хэдэн бүлгийг саатуулан шалгаж байгаа аж.
Тухайлбал, машин хулгайлсан 41 үйлдэл бүхий бүлгийг шалгаж байгаа бөгөөд сэжигтнүүд Баянгол, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс машин хулгайлсан нь тогтоогджээ.
Мөн автомашин бүлэглэн хулгай хийдэг этгээдүүдийг илрүүлжээ. Ц нарын 18 удаагийн үйлдэл бүхий бүлгийг шалгаж байгаа юм байна. Мөн хулгайн замаар алдагдсан машины эд ангийг худалдаж авдаг ченж нарыг ч саатуулан шалгаж байгаа гэв.
Он гарсаар хулгайд алдагдсан 119 машины 106-г нь олж тогтоожээ. Харин 71 машиныг хулгайлсан хэрэгт сэжигтнүүдийг шалгаж байна. Одоогоор 13 машин олдоогүй.
Машин хулгайлсан этгээдүүдийн 55 хувь нь унаж сэлгүүцэх зорилготой хэмээн тайлбар өгдөг бол 21.9 хувь нь машины эд ангийг зарж, борлуулдаг хэмээн мэдүүлжээ. Машин хулгайлсан этгээдэд 145, 223-аар буюу 1-3 сар, онц хохиролтой тохиолдолд 2-5 жил хорих ялаар шийтгэх хуулийн заалттай юм байна.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ