Тэмцэгч гишүүн

Нийгэм, эдийн засгийн байдал хүндэрч, баян ядуугийн ялгаа гаарч, ард иргэд үндсэндээ туйлдсан үе бол 2004 он байлаа. 2004-2008 онд Иргэний нийгмийг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх хүсэл зоригийн хүрээнд Эрүүл Нийгэм-Иргэний хөдөлгөөнийг санаачилан зохион байгуулж нийгэмд газар авсан шударга бус байдал, авлига, хээл хахуультай тэмцэх, шийдвэр гаргах түвшин дэх иргэдийн оролцоог хангах, нийгмийн баялгийн шударга хуваарилалт зэрэг асуудлуудын талаар иргэдийн дуу хоолойг төр засагт хүргэх хөдөлгөөнийг удирдан тэмцсэн хүн бол одоогийн УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга, Хууль зүйн ухааны доктор Ж.Батзандан байсан юм.

Тэрбээр 1974 оны 5 дугаар сарын 12-нд наран мандах нутаг Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод аймгийн прокурор Жалбасүрэнгийн 8 дахь хүү болон мэндэлжээ. 1982-1992 онд Баруун-Урт хотын 10 жилийн дунд сургуулийг онц дүнтэй төгсөж МУИС-ийн ХЗДС-д элсэн орж 1 жил суралцан шалгалт өгч БНУУ-ын Мишкольцын Их сургуульд суралцах болсон юм. 1999 онд тус сургуулиа улс төр судлал, эрх зүйч мэргэжлээр амжилттай дүүргэн сургуулийнхаа докторантурт урилгаар элсэн орж улмаар 2003 онд Захиргааны эрх зүйн чиглэлээр хууль зүйн ухааны докторын зэргийг амжилттай хамгаалсан эрдэмтэн гишүүн билээ.

Сургуулиа дүүргэн эх орондоо ирж ажлынхаа гарааг Их засаг их сургуулийн эрдэмтэн багшаар ажилласан нь санамсаргүй зүйл байсангүй. Шинэ үеийн залуусын эрдэм боловсрол, мэдлэгт өөрийн зүгээс оруулж болох оюуны хөрөнгө оруулалтыг хийсэн нь тэр.

2010-2012 онд Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүн, 2011-2012 оронд “Эрдэнэс Таван толгой” ХК-ний ТУЗ-ийн хараат бус гишүүний сонгуульт ажлыг хийж байсан нь эх орныхоо баялгийг үр ашигтай хуваарилахад иргэдийн хяналтыг бий болгох түүний зарчмыг илэрхийлж буй юм.

Монгол Улсын Их хурлын 2012 оны ээлжит сонгуульд АН-аас Баянзүрх, Налайх дүүрэгт нэр дэвшин иргэд, сонгогчдынхоо итгэлийг хүлээн сонгогдож, 2015 оны 1 дүгээр сараас УИХ-ын Өргөдлийн Байнгын хорооны даргаар ажиллаж байгаа нь Ж.Батзандангийн иргэдийн дуу хоолойг төрд хүргэх, шийдвэр гаргах түвшин дэх иргэдийн оролцоог хангах амлалт, мөнхүү зарчим нь биелэлээ олсны илрэл биз ээ.

Өгүүлэн буй хугацаанд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Хамтын тэтгэврийн тухай хууль, Эрүүгийн хууль, Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль зэрэг нийт 34 хуулийн төслийг бие даан болон хамтран санаачилж, 8 хуулийн төслийн ажлын хэсгийг ахалж, 47 хуулийн төслийн ажлын хэсэгт орж ажилласан байна.

Гуравдугаар амаржих газар, Амгалан дулааны станц, Улиастай-Гачууртын, Хонхор, Налайхын чиглэлийн зам засварын зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлууд түүний сонгогдсон Баянзүрх дүүрэг, Налайх хотод хийгдсэн нь дүүргийн иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн олон асуудлыг тэрбээр шийдвэрлэж бодит ажил болгон хийж, бүтээж яваагийн илрэл юм. Хийж бүтээхийн сацуу иргэд, сонгогчдын төлөөллийн хувьд иргэдээ сонсож ажиллахыг чухалчлан Баянзүрх, Налайх дүүргийн бүх хороонд уулзалт зохион байгуулж иргэдээс нийт 2400 гаруй өргөдөл гомдол, хүсэлтийг хүлээн авч 10 гаруй хувийг нь газар дээр нь, 40 хувийг нь харьяаллын дагуу шилжүүлж, 50 гаруй хувийг холбогдох эрх бүхийн байгууллагад нь уламжилж шийдвэрлэснийг харахад чамлах үзүүлэлт бишээ.

2012 оны Улсын Их хурлын сонгуульд иргэд, сонгогчиддоо "Монголоо өмөөрнө, Монголчуудаа өмгөөлнө” хэмээн амлалт өгч оролцсон Ж.Батзандан үнэхээр л биднийг өмөөрч, биднийг өмгөөлж явсан нь түүний хийж бүтээсэн зүйлээс тодхон харагдаж байна. Тэр өмгөөлж хамгаалахын зэрэгцээ басхүү хийж бүтээж, шинийг санаачилан яваа залуу бүтээн байгуулагч ажээ.

Бүтээгч Монголын төлөө хамтдаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ