ЭЕШ-ын материал задарсан эсэхийг шалгажээ

ЭЕШ-ын материал задарсан талаар эцэг, эхчүүдийн зүгээс болон Сурагчдын холбооноос мэдээлж, цагдаагийн байгууллагад хандаад байв. Иргэдийн гомдлын дагуу цагдаагийн байгууллагаас шалгалт хийж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар ямар хариу гарсан талаар өнөөдөр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл өглөө.
Ерөнхий боловсролын сургуулийг энэ жил төгссөн Э гэгч нь зургаадугаар сарын 16, 17-нд олон нийтийн сүлжээгээр математик, нийгмийн шалгалтын хариу гэх мэдээллийг Н, Б, Х, Б нарын дөрвөн хүнд худалдаалсан нь тогтоогджээ. Уг мэдээллийг худалдаалсан Э гэгч нь тухайн материалыг З гэгч хүнээс худалдаж авсныг шалгаж байгаа аж. З гэгч нь хувийн их дээд сургуулийн эдийн засгийн онолын багш ажилтай 52 настай Д гэгчээс худалдаж авсан юм байна. Д нь 12 дугаар анги төгсөж буй сурагчдад ЭЕШ-ын давтлага өгдөг багш байсан бөгөөд тухайн хүүхдэд худалдахдаа “ЭЕШ-д ирж болзошгүй тест” гэж магадлалын онолоор худалдсан гэдгийг цагдаагийн байгууллагаас урьдчилсан байдлаар тогтоосон гэнэ.
Б.Баатархүү “Тухайн Д гэгч багш ирж болзошгүй тест гэж худалдсан. З нь Э-д худалдсан. Харин хамгийн сүүлд худалдсан хүүхэд нь “ЭЕШ-ын хариу” гэж мэдээлж худалдаалснаас асуудал үүссэн байна.” гэсэн тайлбарыг өглөө.Д гэгч нь ЭЕШ-ын комисст орж ажилладаггүй юм байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ