“Уламжлал ба шинэчлэл” графитийн үзүүлбэр маргааш болно

Монголын Урлагийн зөвлөлөөс зохион байгуулж буй Улаанбаатар олон улсын медиа урлагийн наадмын хүрээнд (‪#‎UBIMAF‬) 6 сарын 25-ны 19 цагт Малайз, Сингапур, Индонези, Монголын графити уран бүтээлчдийн “Уламжлал ба шинэчлэл” графити өрөг урлагийн бүтээл бүтээх үзүүлбэр Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейн урд талбайд болно.

Хотын өнгө төрхийг нэмж, орчин үеийн шинэлэг уур амьсгалыг мэдрүүлсэн граффити зургуудыг Монголд дэлгэрүүлэхээр ажиллаж буй Nomadink уран бүтээлчид Малайз, Сингапур, Индонезийн уран бүтээлчидтэй хамтран Монгол нүүдлийн аж ахуйд хэрэглэдэг үхэр тэрэг дээр графити зураг зурж олон нийтэд сонирхуулна. Уран бүтээлчид уламжлал ба орчин цагийн тухай өөрсдийн ойлголт ба үнэлэмжийг илэрхийлнэ.

Гудамжны урлаг-(Street art)-ийн нэг төрөл болох графити зургыг олон нийтэд нээлттэй харагдах байдлаар хана ба бусад гадаргуу дээр шүршдэг будгаар эсвэл цоолборын аргаар зурдаг.

Орчин үеийн графити бүтээл нь нийгэм, улс төрийн хурц асуудлыг хөндсөн утга санаа бүхий байдаг тул графити уран бүтээлчид нэрээ нууцалдаг. Үүний тод жишээ нь Их Британий графити уран бүтээлч Banksy билээ. Харин Монголд графити бүтээл нь чимэглэх урлагийн шинж чанартай хөгжиж байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ