Өнөөдрөөс архи согтууруулах ундаа зарахыг хориглоно

Иргэдийг сонгуульд оролцон саналаа өгөх боломжоор хангах зорилгоор 6 дугаар сарын 29-ний өдрийг бүх нийтийн амралтын өдөр байхаар хуульчилсан. УИХ-ын ээлжит сонгууль болоход дөрөвхөн хоног үлджээ.
Нийслэлийн Засаг даргын захирамжид зааснаар, сонгуулийн санал авах өдөр буюу 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр олон нийтийг хамарсан ямар нэг арга хэмжээ зохион байгуулахыг хориглож байгаа юм. Тиймээс энэ өдөр зохион байгуулах ямар ч арга хэмжээнд холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл олгохгүй. Мөн олныг хамарсан соёл урлаг, үзвэр үйлчилгээ, спортын арга хэмжээг зохион байгуулахгүй.
Энэ өдөр онцгой шаардлагаар ажиллах байгууллагууд ажилтнуудаа санал өгөх боломжоор хангах үүрэгтэй. Тиймээс нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хүнс, барилгын материал, мод, модон материал, түүхий эд, техникийн захууд, томоохон худалдааны төвүүдийн 7 хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр буюу 06 дугаар сарын 29-ний өдөр рүү шилжүүлж байгаа. Түүнчлэн өмнөх сонгуулиудын жишгээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс нийслэлийн хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо.
Тодруулбал, өнөөдрөөс эхлэн гурав хоног архи согтууруулах ундаа худалдаалахгүй байхыг үүрэгджээ. Түүнчлэн энэ гурав хоногийн хугацаанд захирамж зөрчсөн хүнийг 30-50 мянган төгрөгөөр, аж ахуйн нэгж байгууллагыг 200-250 мянган төгрөгөөр торгож, орлогыг нь хураан авч, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авах ажээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ