Пол Маккартни Британийн шоу бизнесийн хамгийн баян хүнээр дахин тодров

“Битлз” хамтлагийн экс гишүүн сэр Пол Маккартни Британийн шоу бизнесийн хамгийн чинээлэг төлөөлөгчдийн жагсаалтад дахин тэргүүлсэн байна. The Sunday Times сонины шинжээчид Маккартни болон түүний эхнэр Нэнси Шевелл нарын эд хөрөнгийг хамтдаа 680 сая фунт стерлинг буюу нэг тэрбум 40 сая доллартай тэнцэнэ гэж тооцоолжээ.
Хөгжимчин эр 1989 оноос хойш Британийн хамгийн баян шоумэнүүдийн жагсаалтыг завсаргүй тэргүүлж ирсэн билээ. 1989 онд түүний эд хөрөнгө 80 сая фунтээр үнэлэгдэж байсан юм.
Жагсаалтын хоёрдугаарт алдарт мюзикл зохиогч хөгжмийн зохиолч Эндрю Ллойд Уэббер бичигдэв. Түүний эд хөрөнгө 620 сая фунт буюу 950 сая доллараар хэмжигджээ. Британийн дуу бичлэгийн компаниудтай хамтран ажилладаг Ирландын U2 хамтлагийн гишүүд гуравт орсон байна. Хамтлагийн дөрвөн гишүүний эд хөрөнгө нийтдээ 520 сая фунт буюу 800 сая доллараар үнэлэгдэв. Тэдний араас дуучин Элтон Жон 440 сая фунт, хөлбөмбөгчин Дэвид Бэкхем эхнэр Викториягийн хамтаар 200 сая фунт, The Rolling Stones хамтлагийн гоцлол дуучин Мик Жаггер мөн л 200 сая фунтын эд хөрөнгөтэйгээр нэхэж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ