“British exit”-ийн эргэн тойронд

Сорос ЕХ-г яалт ч үгүй тарж бутарна гэв
“Brexit”-ийн дараа (Их Британийг ЕХ-ноос гарсны дараа) тус холбоо тарж бутарах нь бараг гарцаагүй гэж америкийн тэрбумтан Жорж Сорос үзэж байна. Тэр зургаадугаар сарын 25-нд “Project Syndicate” сайтад нийтлүүлсэн өгүүлэлдээ ингэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
“Олон хүний санаа зовж байсан сүйрлийн гэлтэй таамаглал бодитой болж, ЕХ-ны тарж бутрахыг бараг гарцаагүй болгож байна” гэж тэр бичжээ.
Олон улсын энэ байгууллагаас гарах нь Британид эцсийн дүнд хэрхэн нөлөөлөхийг тэр мэдэхгүй байгаа ч, ойрын ирээдүйд тус орны эдийн засаг болон ард түмэн олон зүйлийг тэвчихэд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. “Санал хураалт болж өнгөрмөгц фунтийн ханш гуч гаруй жилийн хамгийн доод хэмжээнд хүртэл навс унаж, ЕХ-ноос улс төр, эдийн засгийн талаар салах тухай хэлэлцээр үргэлжлэх хугацаанд дэлхий нийтэд санхүүгийн зах зээлийн тогтворгүй байдал хэвээр байх болов уу” гэж тэр тэмдэглэжээ.
Их Британи өөрөө ч “хуучин хэвээрээ үлдэхгүй байж мэднэ” гэж Сорос таамаглаж байна. Тусгаар тогтнох тухай санал хураалт дахин явуулах тухай уриа Шотландад, Ирландтай нэгдэх тухай яриа Умард Ирландад сонсогдож эхлэж байгааг тэр сануулжээ.
Европын холбооноос гарах тухай асуудлаар нийт ард түмний санал хураалт зургаадугаар сарын 23-нд Британид болсон юм. “Brexit” (“British exit” гэсэн үгийн товчлол “ - ред.,) 51,9 хувиар ялсан билээ.
ЕХ-ноос гарах санааг “Brexit” Финланд улсадтөрүүлэв
Финланд улсыг ЕХ-ноос гаргах тухай асуудлаар нийт ард түмний санал хураалт явуулахыг шаардсан өргөх бичигт гарын үсэг зуруулах ажил тус улсад эхэлжээ.Телевизийн “YIe” сувгаар ингэж мэдээлсэн байна.
Эрх баригч эвсэлд багтдаг бөгөөд европын холбоог эсэргүүцэгчдийн намд тооцогддог “Жинхэнэ финчүүд” намын залуучуудын жигүүрийн тэргүүн Себастьян Тюнккюнен өргөх бичигт гарын үсэг зуруулах ажлыг санаачилжээ. Финланд “чөлөөт орон болох” ёстой гэж тэр хэлсэн байна. “ЕХ Европт ердөө л эмх замбараагүй байдал үүсгэж байгаа юм” гэж Тюнкпкюнен үзэж байна. Тэр нийт ард түмний санал хураалтыг 2017 оны 12 дугаар сард явуулахыг санал болгожээ.
Сүүлийн хоёр-гурван өдөрт 10 мянга орчим хүн уг баримт бичигт гарын үсгээ зуржээ. Өргөх бичгийг парламентаар хэлэлцүүлэхэд наад зах нь 50 мянган хүний санал хэрэгтэй аж.
2013 онд Финландад мөн ийм санаачлага гарч байсан юм. Тэгэхэд түүнийг 30 мянга орчим хүн дэмжсэн байна.
“Brexit” Путинд яагаад ашигтай болсныг тайлбарлажээ
Их Британи ЕХ-ноос гарч байгаа нь оросын ерөнхийлөгч Владимир Путиний ялалт болж байгааг Орост АНУ-ын элчин сайдаар ажиллаж байсан Майкл Макфол тайлбарлажээ. Тэр “Вашингтон пост” сонинд ингэж бичсэн байна.
Оросын удирдагч “Brexit”-ийн асуудлаар явуулсан санал хураалтын үр дүнгийн шалтгаан болоогүй нь мэдээж. Гэхдээ тэр болон гадаад бодлого дахь түүний зорилго уг санал хураалтын үр дүнд нэлээд хожоотой гарч байгаа юм” гэж дипломатч онцлон тэмдэглэжээ.
“Европ тив одоо суларч, харин Орос, түүний холбоотнууд болон олон талын байгууллагууд бэхжиж, шинэ шинэ гишүүнийг татаж байна” гэж тэр дурджээ.
Хамгийн гол нь Европ дахь Оросын түрэмгийллийг ”хамгийн зарчимчаар шүүмжлэгчид ”ЕХ-нд шийдвэрлэх дуу хоолойгүй болно” гэж Макфол үзэж байна. “Оростой эвлэрэхийг зорьж буй ЕХ-ны гишүүн орнуудын дипломатчдын ажил хялбар болж байна. Харин Оросын түрэмгийллийг сөрөн зогсохыг оролдож буй ЕХ, ялангуяа Эстон, Латви, Литва улсын дипломатчдын ажил хэцүү боллоо” гэж тэр тэмдэглэв.
Тийнхүү ЕХ-н дахь Их Британийн гишүүнчлэлийн тухай санал хураалтын дүн Оросын ерөнхийлөгчийн ялалт боллоо гэж түрүүнд нь мэдэгдэж байснаа Макфол ийнхүү тайлбарласан байна. “ЗСБНХУ болон Варшавын гэрээ тарсныг Путин тэмдэглэж байсан. Тиймээс европын эв нэгдэлд хагарал гарч байгааг харахдаа тэр баяртай байгаа” гэж дипломатч зургаадугаар сарын 24-нд мэдэгдсэн юм.
ЕХ-ноос Их Британи гарах болж байгааг Оростой холбон тайлбарлахгүй байхыг тус орны эрх баригчид удаа дараа уриалж байсан юм. “Аливаа асуудал, тэр ч байтугай, бидэнд огт хамаагүй тэр асуудалд Оросыг холбогдуулж, Оросыг ямар нэг мангас мэтээр үзүүлэх нь тун эвгүй юм” гэж зургаадугаар сарын 16-нд Путин хэлж байсан билээ. “Ухаантай хүмүүс ингэдэггүй юм” гэж тэр дурдсан юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ