Хүн амины онц ноцтой хэрэг гарчээ

Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт өнгөрсөн бямба гаригт хүн амины онц ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, тус дүүргийн 18-р хорооны ... тоот айлын хашаанд жорлон барихаар ухсан нүхэнд хүний амийг хороогоод, булсан байна гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

Мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газарт очиж шалгалт хийхэд тус хороонд суух 42 настай эмэгтэй А-г хөнөөгөөд, цогцосыг нь ухсан нүхэнд булсан байжээ. Улмаар цагдаагийн алба хаагчид хэргийн эзэн холбогдогчийг тогтоохоор шуурхай ажилласны дүнд сэжигтнийг саатуулсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар эл хэргийг мөн л тус хороонд суух 27 настай Г гэгч залуу үйлдсэн аж.

Тэд ямар нэгэн ураг садны холбоогүй, танилууд байсан бөгөөд маргалдсаны улмаас хүний амь нас хохирчээ. Дээрх этгээдэд Эрүүгийн хуулийн 91.2-р зүйл анги буюу хүнийг санаатай алах гэсэн зүйл ангиар Эрүүгийн хэрэг үүсгэн Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа юм. Тус зүйл ангид арван таваас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ гэж заасан байна.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ