Саналын хуудсын тэмдэглэгээг бусдад харуулж болохгүй

Өнөөдөр монголчууд бид ирэх дөрвөн жилийн улс төрийн өнгийг тодорхойлох, төрийн дээд байгууллагаа сонгох өндөр хариуцлагатай өдөр. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд нийтдээ 497 хүн өрсөлдөж байгаагаас 129 нь эмэгтэй нэр дэвшигч байна. Эдгээр нэр дэвшигчид жижиг мажоритар системээр 76 тойрогт өрсөлдөж байгаа болаймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд2288 нэр дэвшигч өрсөлдөж байна. УИХ-ын 2016 оны сонгуульд 1 сая 912 мянга 901 иргэн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгджээ.

Сонгогчидсанал өгөх байранд иргэний үнэмлэхтэйгээ ирж саналаа өгнө. Гэхдээ шинэчилсэн бүртгэл хийлгэж хурууны хээгээ бүртгүүлсэн хүн бүр иргэний үнэмлэхгүй ч саналаа өгөх боломжтой.

Санал өгөхөөр санал авах байранд ирсэн сонгогч санал авах байранд ажиллах улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын итгэмжлэгдсэн ажилтанд гарын хурууны хээг шалгуулаад сонгогчдын нэрийн жагсаалтын цахим хувилбартай тулган үзэж, зөрчилгүй бол сонгогчийн бүртгэлийн хуудас авна. Гарын хурууны хээ шалгах автомат төхөөрөмж ажиллахгүй буюу ажиллах боломжгүй болсон, түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй сонгогчийн тухайд иргэний үнэмлэхийн мэдээллийг сонгогчдын нэрийн жагсаалттай тулган шалгаж сонгогчийн бүртгэлийн хуудас олгож болох юм байна.

Сонгогчийн бүртгэлийн хуудас авсан сонгогч саналын хуудсаа аваад сонгогчдын нэрийн жагсаалтад гарын үсэг зурна.

Санал авах ажиллагаанд сонгуулийн ажиглагч болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгч байлцаж болно. Харин санал авах байранд нэр дэвшигч болон зөвшөөрөлгүй хэн нэгэн байхыг хориглоно. Хэрэв үүнийг зөрчвөл:

89.12.1.нам, эвслийн сонгуулийн менежер, шадар туслагч, ухуулагчид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн;

89.12.2. бусад этгээдэд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгууль төлнө.

Өнөөдөр 22.00 цагт сонгогчдын бүртгэлийг зогсоох бөгөөд энэ үед бүртгэлийн хуудсаа авсан сонгогч саналаа өгөх боломжтой.

Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажиллагаа хуулийн дагуу сонгуулийн өмнөх өдөр буюу өчигдөр 09.00-20.00 цагт болжээ.

Сонгогчоос саналаа өгөхөд дараах зүйлийг хориглоно:

92.2.1.тухайн санал авах байранд саналаа өгөх эрхгүй гэдгээ мэдсээр байж санал өгөх;

92.2.2.өөр хүний бичиг баримт, эсхүл хуурамч бичиг баримт ашиглах зэргээр санал өгөх, санал өгөхийг оролдох;

92.2.3.тухайн санал авах байраас олгосноос өөр саналын хуудсыг санал өгөхөд ашиглах;

92.2.4.санал авах байранд гаднаас саналын хуудас авч орох, санал авах байрнаас саналын хуудас авч гарах;

92.2.5.саналын хуудаст тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн саналыг баримтжуулан зураг авах, дүрс бичлэг хийх зэрэг үйлдэл хийх;

92.2.6.саналын хуудаст хийсэн тэмдэглэгээг бусдад харуулах;

92.2.7.аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авах.

Энэхүү 92.2 заалтыг зөрчсөн иргэн, холбогдох бусад этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 14 хоногийн хугацаагаар баривчлах захиргааны шийтгэл ногдуулна.

92.3.Сонгогч нь саналын хуудасны зааварт заасан тэмдэглэгээний дагуу өөрийн сонгохыг хүссэн нэр дэвшигчийн нэрийг тэмдэглэж саналаа өгнө.

92.5.Санал бэлтгэх бүхээгт тухайн сонгогчоос өөр хүн байхыг хориглоно.

92.6.Сонгогч саналаа тэмдэглэсний дараа саналын хуудсыг санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийнэ.

92.7.Сонгогч саналаа тэмдэглэсэн саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийсний дараа санал авах байраас гарна.

92.8.Сонгогч санал тэмдэглэхдээ алдаа гаргаж буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийхээс өмнө энэ тухайгаа санал авах байранд мэдэгдэж, алдаатай саналын хуудсыг хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч саналаа өгч болно.

92.9.Санал тоолох төхөөрөмж саналын хуудсыг таньж уншаагүй бол сонгогч энэ тухай санал авах байранд мэдэгдэж, уг саналын хуудсыг хураалгаж, дахин саналын хуудас авч саналаа өгч болно.

92.10.Санал авах байр хураалгасан саналын хуудасны баруун дээд өнцгийг хайчлан, тэмдэглэл хөтлөн хадгална.

92.11.Бие эрхтний согог, эрүүл мэндийн байдал, боловсролын түвшингээс шалтгаалан саналаа биечлэн өгөх чадваргүй сонгогч өөрийн итгэмжилсэн сонгуулийн эрх бүхий иргэний туслалцаатайгаар санал өгч болох ба сонгуулийн байгууллагын ажилтан, албан тушаалтан, ажиглагч нь итгэмжлэгдсэн хүн байж болохгүй. Дээрх хоёр заалтыг зөрчсөн сонгуулийн байгууллагын ажилтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр,зөрчсөн аливаа этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

92.13.Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын захиргаа чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэй. Үүнийг зөрчсөн аливаа этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Сонгуулийн үйл ажиллагаа, ирц хэвийн үргэлжилж байна. Иргэд сонгуульдаа идэвхтэй оролцож, дөрвөн жилд нэг удаа сонголт хийх эрхээ эдлэхийг сануулъя. Монгол Улсын төр засгийг байгуулахад Монгол хүн бүрийн үүрэг оролцоо нэн чухал билээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ