Э.Бат-Үүл: Нийслэлийн намын даргаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ тавина

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл сонгуультай холбогдуулан мэдээлэл хийлээ. Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.

-Та бүгдийнхээ энэ өдрийн амар амгаланг эрье. НИТХ-ын сонгуулийн дүн гарсан байна. Энэ сонгуулийн дүнгээр Нийслэлийн АН 11 суудал, МАН 34 суудал тус тус авч үнэмлэхүй ялалт байгуулжээ. Юуны өмнө Нийслэлийн сонгуулийн хороонд талархалаа илэрхийлье. Сонгуулийн хороо сонгуулийн хороонд ажилласан төрийн албан хаагчид маш шударга сайн ажилласан. Сонгуулийн үйл явцын технологийн дэвшлийг ашиглаж, сонгогчиддоо итгэл үнэмшил төрүүлэхүйцээр болж чадсан. Дараа нь биднийг дэмжсэн сонгогчиддоо талархаж байна. Өнгөрсөн дөрвөн жилд нийслэл хотыг ид шидтэй мэт бүтээн байгуулалт хийхэд дэмжиж оролцсон нийт иргэддээ талархаж байна. Нийслэлийн амьдрал их өөр болсон гэдгийг хэн хүнгүй хүлээн зөвшөөрч байгаа. Иргэдийн зүгээс дараа дараагийн хотын удирдлагуудад тавих шаардлага өндөр болсон гэдгийг анхаарч ажиллах байх гэж найдаж байна.

Сонгуулийн үр дүн Нийслэлийн Ардчилсан намын хувьд улс төрийн “цунами” байлаа гэж би шууд хэлье. Та бүхэн мэднэ, цунами гэдэг урьдчилан тааварлахын аргагүй тийм үр дүн, гамшгийн үйл явц. Бид ялна гэдэгт итгэлтэй байсан ч ийм үр дүн гарлаа. Сонгуулийн дүн гарсны дараа мэдэмхийрдэг мэргэн түргэн хүн олширдог. Гэхдээ энэ сонгуулийг юу ч гэж тайлбарлалаа гэсэн энэ тайлбар үнэнд нийцнэ гэдэгт би эргэлзэж байна. Юу харагдав гэхээр, бүтээн байгуулалтаас илүү түүнийг харлуулсан хүнийг олон сонгогчид дэмжлээ. Монголчууд гүтгэлэг, дайралтад дургүй гэж ярьдаг зүйл эргэлзээнд орлоо. Утга учиргүй хүнийг гүжирдэж, муучлуулах замаар сонгуульд амжилт олж бодлог гэдгийг харууллаа. Ямар ч үндэслэлгүйгээр гүжирдэж, муучлан харлуулах замаар сонгуульд ялж болдог юм байна гэдэг жишиг тогтлоо. Энэ бол цаашдаа нийгмийн санаа бодолд маш их хор уршигтай улс төрийн шинэ хандлага тогтлоо. Ямар ч байсан тодорхой нэг зүйл бий. МАН НИТХ-д үнэмлэхүй ялалт хийлээ. МАН дээр манай иргэдийн хэлдэгчлэн бор халзан хонь байхад ч сонгогдохоор ийм сонгууль болсон. Энэ бол өнөөдөр хэлж чадах, хамгийн бодитой зүйл.

Энэ сонгуулийн нэг чухал зүйл нь тайван замаар засгийн эрх мэдэлд шилжих ардчиллын амин чухал зарчим ялсан сонгууль болсон гэж хэлж чадна. Би одоо нэг зүйлд санаа зовж байгаа. Ер нь улс нийслэлийг удирдахдаа өмнөх шиг мафийн бүлэглэлийн аргаар удирдах үйл ажиллагаа газар авах юм бол энэ бол нийгмийн аюулгүй байдал, улсын аюулгүй байдал, Үндсэн хуулийн аюулгүй байдал, Ардчилалд бол маш ноцтой асуудал тарина. Ийм аюул учрах вий гэж би их санаа зовж байгаа. Тиймээс эрх баригчид ер нь өөрсдийнхөө өмнөх үйл ажиллагаанд дүгнэлт хийх хэрэгтэй. Хамгийн гол нь мафийн бүлэглэл маягийн арга барилыг цааш нь явуулах гэж оролдох юм бол нийгмийн тогтворгүй байдал бий болгох ноцтой байдал үүсгэхийг үгүйсгэх аргагүй.

Сонгогчид нэгэнт сонголтоо хийгээд хариуцлагаа хүлээж байгаа ийм үе. Ажлаа хий гэсэн захиалгыг зөв засаглаж, сайн хийхийг хүсч байна. Сонгогчдынхоо хүсэн хүлээсэн тэр зүйлийг хийж хэрэгжүүлэх юм бол үйл ажиллагаанд нь саад болох ёсгүй юм. Энэ бол ардчиллын бас нэг зарчим.

Сонгогдсон хойноо гомдол мэдүүлээд л, ажил хэрэгт саад учруулсан энэ өнгөрсөн туршлагыг болих хэрэгтэй. Дахин хэлье. Эрх баригчид өөрсдөө ардчилалд аюул учруулахгүй зөв засаглавал боломж бий.

Миний хувьд гурван зүйлд санаа зовж байна. Бидний эхлүүлсэн гэр хорооллын дахин төлөвлөлт зогсох вий. Үнэндээ гэр хорооллын дахин төлөвлөлт, сайн хашаа буюу хашааны газар дээр тохилог орон сууц барих замаар, хашааны газар дээр Улаанбаатарын бүтээн байгуулалтыг хийх замаар утаа хөрсний бохирдлоос эхлээд эдийн засгийн хямралыг гэтлэн давахад энэ сонголтоос өөр сонголт байхгүй ээ. Тиймээс эрх баригчид үүнийг ойлгож, бидний эхлүүлсэн энэ ажлыг үргэлжлүүлэх хэрэгтэй гэж би үзэж байна. Энэ бол маш чухал, зогсоож болохгүй зүйл. Улаанбаатарын өмнө тулгамдаж байгаа асуудлаас гарах гарц нь энэ.

Хоёрт нь, бид Төрийн үйлчилгээний супермаркетыг эхлүүлсэн. Энэ дарга нарын ширээнийхээ дор нуудаг тэр эрх мэдлийг Төрийн үйлчилгээний супермаркет лангуун дээр тавьж, ард иргэддээ үйлчилдэг засаг захиргааг бий болгох ажил маш эрчимтэй эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 400 мянган хүн үйлчилгээ авсан байгаа. Энийг эрх баригчид орхигдуулж болохгүй. Шинэ Засаг дарга тууштай үргэлжлүүлэх хэрэгтэй. Ер нь ард иргэдээ хүнд суртлаар дарамталсан, дарга нараар далайлгасан дарга нарын дарамтыг бий болгож болохгүй. Манай нийслэлийн ард иргэд эрх чөлөөтэй амьдрах эрхтэй хүмүүс. Энийг миний ажлын халааг авч үргэлжлүүлж хийх Засаг дарга их анхаарах хэрэгтэй гэдгийг би зориуд хэлье.

Гуравдугаарт нь, бидний эхлүүлсэн Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийг гацааж зогсоож болохгүй. Энэ хөтөлбөр бол нийслэлийн соёл урлагийн амьдралыг маш их өөрчилсөн. Хэзээ ч манай сонгодог урлаг бусад үндэсний урлаг ийм хэмжээнд нийслэлийн зүгээс түүхэндээ дэмжлэг авч байгаагүй. Энэ үйл ажиллагаа зогсвол харамсмаар зүйл болно. Тиймээс нэгэнт эхлүүлсэн Найрсаг Улаанбаатар, ялангуяа даншиг наадмыг улс төржүүлж зогсоож болохгүй. Анх Даншиг наадмыг эхэлж байхад Ардын хувьсгалын наадамтай өрсөлдүүлж байна гэсэн буруу ташаа ойлголт явсныг зориуд хэлье. Тийм санаа бодол байгаагүй. Ерөөсөө Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд жуулчдыг татах арга хэмжээг эхлүүлсэн юм шүү.

Мэдээж хэрэг газрын авлигын хэргийг зогсоосон. Энэ дээр анхаарах хэрэгтэй. Газрын авлига цааш үргэлжилбэл аюул болно. Бусад ажлыг надаар хэлүүлэлтгүй хийх ёстой. Ялангуяа нэгэнт эхэлсэн бүтээн байгуулалтын эрчийг сааруулж болохгүй гэж би хувьдаа бодож байна.

Биднийг дэмжсэн нийслэлийнхээ иргэдэд гүн талархалаа илэрхийлье. Та бүхнийхээ нэр төрийг хугалалгүй дөрвөн жил ажилласан. Та бүгдийнхээ итгэл найдварыг хугалалгүй дөрвөн жил ажилласан гэдгийг би бардам хэлэх байна. Залуучуудынхаа хөгжиж болно гэсэн итгэл очийг асааж ажиллаж чадсан гэдгийг энд хэлэхийг хүсч байна. Энийг ойлгож дэмжицгээсэн та бүхэндээ талархалаа илэрхийлье.

Тэрээр мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариууллаа. Энэ үеэр тэрээр “Нийслэлийн намын даргын хувьд намын хурлаа хуралдуулж, зөвлөлдөх хорооны хуралдаанаар намын даргаас чөлөөлөлөгдөх хүсэлтээ тавина.” гэдгээ хэлсэн юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ